Дасгалын гутлыг хэрхэн зөв сонгох вэ?

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       12277       2017.03.02
cover

Дээхнэ үед ганц пүүзтэй байхад л дасгал хийх, алхах, гүйх, дугуй унах гээд бүх төрлийн биеийн тамирын дасгал, бэлтгэлд хангалттай байдаг байлаа. Харин одоо эсрэгээрээ – дасгалын гуталнууд нилээн төрөлжсөн, нарийн болсноос гадна ямар төрлийн дасгал хийхээс хамаарч гутлаа зөв сонгох ёстой болж. Тухайлбал, фитнес клубын, алхалтын, гүйлтийн, дугуйны цаашлаад сагсны, хөл бөмбөгийн, теннисний, гольфийн гээд л зөвхөн нэг спортод тусгайлан зориулж гутал хийдэг болжээ. Тэгээд бүүр нарийн болно: хэрвээ та гүйх гэж байгаа бол хатуу хучилттай зам дээр гүйх үү эсхүл шороон замаар гүйх үү? Долоо хоногт хэдэн км гүйхээр төлөвлөж байна вэ? Хамгийн чухал нь та гүйлтийн гуталтайгаа ганган харагдахыг хүсч байна уу гэх зэрэг. Хэрвээ та дасгалын гутал авахаар төлөвлөж байгаа бол таны сонголтонд туслах хамгийн нийтлэг дасгалын гуталнууд, тэдгээрийн давуу болон сул талын тухай энэхүү нийтлэлийг уншаарай.

ФИТНЕС КЛУБТ БЭЛТГЭЛ ХИЙХЭД

Хэрэв та ихэнх тохиолдолд төхөөрөмж дээр бэлтгэл хийх эсхүл кардио, аэробик дасгал хийх гэж байгаа бол бараг ямар ч төрлийн дасгалын гутал өмсөхөд болно. Харин төмөр өргөх (үндсэн өргөлт, мөр, цээжний түлхэлт хийх) гэж байгаа бол шагайныхаа тогтвортой байдлыг сайн хангаж, хүнд жингээр илүү хүч гаргаж өргөлт хийхийн тулд хөлөө газарт баттай барих шаардлагатай тул хавтгай бөгөөд хатуувтар ултай гутал тохиромжтой. Гэхдээ, энэ нь заавал ийм гутал зайлшгүй чухал гэсэн үг биш бөгөөд фитнес хийдэг ихэнх хүмүүст нэг их хэрэг болохгүй байх. Ихэнх нөхцөлд хавтгай ултай нийтлэг дасгалын гутал байхад л хангалттай. Жишээ нь чөлөөт үед өмсдөг кэт танд байгаа бол төмөр өргөхдөө өмсөж болох нь байна шүү.

Давуу тал: Резинэн, хавтгай ултай болохоор төмөр өргөдөг хүмүүс их өмсдөг. Газартай ойрхон байх тусам газарт түлхэлт өгч, хүч гаргахад амархан байдаг. Зарим хүмүүс төмөр өргөхдөө гутлаа тайлаад, оймстойгоо өргөөд байдаг даа. 

Сул тал: Дасаагүй хүмүүст тухгүй, тааламжгүй байж магадгүй.

Харин их хүчний буюу хүндийн өргөлт хийдэг хүмүүс газрыг мэдэрч, өсгийгөөрөө түлхэлт өгч хийвэл илүү амжилттай байдаг тул хүндийн өргөлтийн гуталнууд нь өндөрдүү өсгийтэй байдаг байна. Энэ нь шагайны хөдөлгөөний дэмжих, биеийг босоо тэгш хэлбэрт барих, улмаар суултыг илүү гүнзгий хийх боломж олгох зорилготой. Бусад төрлийн дасгалын гутлыг бодвол илүү хатуу байдаг, яагаад гэвэл хүнийг тогтвортой барих, хүнд жин өргөчихөөд хөлөө хөдөлгөөд байхаас хамгаалдаг. Үндсэн суулт, шахалт, түлхэлт зэрэг төрлийн дасгал хийхдээ хүмүүс ийм гутал өмсөх нь элбэг байдаг.

АЛХАХАД

Тухтайхан алхана гэдэг бол чухал шүү. Байшингаа тойроод эсхүл ойролцоох хүнсний дэлгүүр лүү эсхүл бүүр хөдөө хээрээр алхаж болно. Олон цагаар (бүтэн өдөр ч байж магадгүй) гутал өмсөх хэрэг гарах учраас хөлд тухтай, эвтэйхэн байх нь хамгийн чухал. Тиймээс сайн чанарын гутал авч, өөртөө хөрөнгө оруулахад буруудах зүйл огтхон ч байхгүй. Харин уулын жим, харгуйгаар алхахад ууланд алхалтын гутал хамгийн тохиромжтой. Учир нь энэ төрлийн гутал нь шагай хамгаалах, дэмжлэг өгөх зорилгоор дунд зэргийн эсхүл өндөр түрийтэй байдаг. Нэг их үзэмжтэй биш ч тогтвортой хирнээ уян хатан. Тиймээс бүтэн өдөр өмсөөд ууланд алхсан ч тохиромжтой. Сул тал нь эдэлгээ сайтай байхаар хийгдсэн ба хатуу хүнд нөхцөлд өмсөхөд зориулсан байдаг учраас энгийн алхалтын гутлыг бодвол нилээн хүнд байдаг.

Хэрэв таны шагай муу, хүнд үүргэвч үүрээд холын зайнд алхах гэж байгаа бол энэ төрлийн гутал тун тохиромжтой. Нуруундаа 10-25 кг ачаа үүрээд алхаж байгаа үед ийм гутал нь биенд маш сайн дэмжлэг, тогтвор өгнө. 

ГҮЙЛТЭНД

Ихэнх гүйлтийн гуталнуудыг хөдөлгөөн хянах, тогтвортой байдал хангах, болон  доргилт шингээх технологи ашиглан хийсэн байдаг. Зарим гутланд хөлний дотогшоо гишгэлтийг бууруулах зорилгоор хөлний нум хэсэгт зөөлөвч эсхүл хатуулга хийж өгсөн байхад зарим гутланд гүйх үед олон давтамжаар хөлөө хөдөлгөсний улмаас хөлөнд ирэх доргилтыг бууруулах зорилгоор илүү зөөлөвч, өндөр өсгий хийсэн байдаг. Зарим гутлын өсгий нь бүүр намхан байдаг. Өсгий нь намхан байх тусмаа өлмий дээрээ буух магадлал нь нэмэгддэг гэнэ. Яг таарсан размерын гуталтай бол гүйхэд мэдээж маш эвтэйхэн, урамтай. Томдсон юмуу багадсан эсхүл бариу гуталтай бол цэврүү үүсэх, хөлний хумс хөхрөх, эрхий хурууны яс мурийх эсхүл товойж гарах гээд шаналгаатай бас онцгүй зүйлс тохиолдох болно. Хэрэв та гутал дотроо хөлийн хуруунуудаа чөлөөтэй хөдөлгөж чадахгүй бол гутал чинь багадаж байна гэсэн үг.

Хатуу хучилттай зам дээр гүйхэд зориулсан гуталнууд

Ихэнх гүйлтийн гуталнууд “хатуу хучилттай зам дээр гүйхэд зориулсан” байдаг. Гэсэн ч ямар ч төрлийн гадаргуу дээр гүйхэд өмсч болно.

Давуу тал: Гутлын компаниуд төрөл бүрийн гүйлт хийдэг хүмүүст зориулж янз бүрийн чамин онцлог, загваруудыг бүтээж гаргасаар байна. Гүйлтийн гутал авах шийдвэрээ ерөнхийдөө гүйлтийн зай (жишээ нь, хөнгөн гуталнууд тэсвэр тэвчээр шаардагдах гүйлтэнд илүү тустай) болон өмсөөд гүйхэд хир эвтэйхэн (дэлгүүр дотор өмсөхөд эвтэйхэн ч гүйхэд эвтэйхэн биш байж магадгүй) байна вэ гэдэг дээр үндэслэж гаргаж болно.

Сул тал: Гүйлтийн гуталнууд нь хажуугийн хөдөлгөөн орсон ямар ч төрлийн спортод (жишээ нь, хөл бөмбөг буюу түүнтэй төстэй дасгал бэлтгэл) тохиромжгүй. Яагаад гэвэл гүйлтийн гутлыг голдуу урагшаа гүйх хөдөлгөөнд зориулж хийсэн байдаг учраас шагайнд нэг их дэмжлэг, хамгаалалт өгдөггүй.

Жим харгуй буюу шороон зам дээр гүйхэд зориулсан гуталнууд

Чулуурхаг, шороон зам дээр гүйхэд өмсөхөд тохиромжтой. Уулын жим харгуй дээр гүйхгүй л бол ердийн гүйлтийн гутал хангалттай.

Давуу тал: Хүмүүс хатуу хучилттай зам дээр гүйхэд зориулсан гутлыг шороон зам дээр гүйхдээ өмссөн байх нь элбэг байдаг. Шороон зам дээр гүйхэд зориулсан гуталнууд нь ердийн гүйлтийн гутлыг бодвол илүү зузаан ултай байдаг, энэ нь хурц ирмэгтэй чулуу эсхүл үзүүртэй хог хаягдал дээр гишгэж хөлөө хатгах, шагай мултрахаас (яая!) хамгаалдаг. Ийм гуталнууд нь илүү тогтвортой байдлыг бий болгох үүднээс газартай ойрхон мэт мэдрэмж төрүүлдэг, сул шороо эсхүл газрын уруу руу хальтрахаас сэргийлсэн зуурдаг ултай, бас ихэнх нь усны хамгаалалттай материалаар хийгдсэн байдаг.

Сул тал: Хатуу хучилттай зам дээр гүйхэд зориулсан гуталнуудыг бодвол хатуу (уян хатан биш) бөгөөд удаан гүйхэд тийм ч аятайхан, хөнгөн мэдрэмж өгөхгүй.

Уралдааны хавтгай ултай гуталнууд

Голдуу 5-10 км-ын богино зайнд гүйдэг туршлагатай гүйгчдэд тохиромжтой. Сонирхогчийн түвшний, ялангуяа холын зайн гүйгчдэд уралдааны хавтгай ултай гутал хэрэггүй.

Давуу тал: Өөгүй, шулуун, нарийхан загвартай учраас хөл газраас түлхэлт авч, буцаад эрчээ авах хугацааг сайжруулдаг – энэ хугацаа нь дунд зайнд гүйдэг элит тамирчдад маш чухал байдаг.  Маш хөнгөхөн байдаг учраас гүйлтийн үр дүнг мөн л сайжруулдаг. Бодоод үз л дээ: хөлөө өргөх болгонд арай бага хэмжээний жин өргөж байна гэсэн үг.

Сул тал: Богино зайны гүйлтийн уралдаанд ийм төрлийн гуталтай гүйхэд биенд ирэх стресс, гэмтэл нь нэмэгддэг бөгөөд улмаар уралдааны дараа бие нөхөн сэргэх хугацааг уртасгадаг байж магадгүй гэж нэгэн туршилтын судалгаанд санал дэвшүүлсэн байна. Хэрвээ та гүйхдээ ийм гутал өмсмөөр байгаа бол гэхдээ өмнө нь туршиж үзээгүй бол биеэ аажуухан дасгахыг зөвлөе.

Хөлний бээлий шиг өмсгөлүүд

Ийм өмсгөлийг өмсөөд сурчихсан бүх гүйгчдэд тохиромжтой. Фитнес клубт зарим хүмүүс хөл нүцгэн (хэзээ ч битгий ингээрэй, заваан шүү дээ) эсхүл оймстойгоо явж байхыг харсан л байх. Хэрэв та ийм өмсгөлийг өмсч сурах сонирхол, цаг, эрч хүч байгаа бол аваад үз. Гэхдээ, “дажгүй гэж сонссон учраас” гэдэг ганц шалтгаанаар авах хэрэггүй шүү.

Давуу тал: Байгалаас заяасан нүцгэн хөлөөрөө, ямар нэгэн зүйлд хязгаарлагдаагүй гүйлт хийх нь хөл болон хөлийн булчинг илүү хүчтэй болгож, улмаар гүйлттэй холбоотой гэмтлийг бууруулдаг гэж нүцгэн хөлөөр гүйхийг дэмжигчид хэлдэг. Харин шинжлэх ухаан бол энэ тал дээр хуваагдсан байдаг. Гэхдээ, физик эмчилгээний мэргэжилтэн доктор Грег Лиймэн “Хүний бие маш их тэсвэртэй бөгөөд дасан зохицох чадвартай. Хөл нүцгэн эсхүл минималист гуталтай явж болно, гэхдээ аажуухан эхлэх хэрэгтэй; бие дасан зохицох боломжийг олгох хэрэгтэй” гэж хэлж байна. Энд хашир, эргэлзээтэй хандах хэрэгтэй: зарим хүмүүст таарч, тохирч байгаа зүйл танд тохирохгүй байж болох юм.

Сул тал: Ийм өмсгөлтэй гүйхэд эхний үед дасах маш хэцүү байж магадгүй, зөөлөн өвс, шороон дээр биш л бол ямар ч гадаргуу дээр бараг хөл нүцгэн гүйх тийм ч таатай байдаггүй шүү дээ. Эхлээд маш бага зайнд гүйж, зайгаа бага багаар нэмэгдүүлэх нь зүйтэй.

ӨӨРТӨӨ ТААРСАН, ТОХИРОМЖТОЙ ГУТЛЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Мэдээж маш олон төрлийн гуталнаас сонголт хийх болно, гэхдээ тодорхой нэг төрөл эсхүл зориулалтыг харахаас гадна хөлд тухтай, эвтэйхэн байх нь хамгийн чухал. Хэрэв та дасгалын гутал худалдаж авах гэж байгаа бол дараах зүйлсийг санаарай:

  • Өмсөж үзээд янз бүрээр хөдөлж, алхаж үзэх: Гутлыг хосоор нь өмсөж, аль болох удаан хугацаанд төрөл бүрээр бүх чиглэлд хөдөлж, гүйж, алхаж, үсэрч, сууж үзэх хэрэгтэй.
  • Размер яг хэвээрээ гэж хэзээ бүү бод: Заавал гутлыг хосоор нь өмсөж үзэх хэрэгтэй. Гутлын размер брэнд болгонд арай өөр байдаг. Жишээ нь, Адидас гутал 37 размер таардаг бол Найки гутал 37.5 таарч магадгүй юм.
  • Гутлыг үдээс хойш өмсөж үз: Өдөржингөө явчихаар хөл илүү хавтгай болж, хөөсөн байдаг. Тиймээс үдээс хойш л гутал өмсч үзэх хэрэгтэй. 
  • Гүйлтийн гутлыг томдуулж ав: Гүйхэд хөл хагас инчээр уртасдаг гэж ярьдаг. Тиймээс гүйлтийн гутлыг хагас эсхүл нэг размер том авахыг зөвлөдөг. Хөлийн хурууны хэсэгт хөл хамгийн өргөн байдаг, тэгэхээр хуруу чөлөөтэй хөдлөх зайтай байх хэрэгтэй. Хэрэв хөл чинь урдаа эсхүл хажуудаа тулаад, шахагдаад байвал гутал таарахгүй байна гэсэн үг.
  • Гутлаа оймстой өмс: Нимгэн ч бай зузаан ч бай, гутлыг оймстой өмсөж үзэх хэрэгтэй.
  • Эрэгтэй, эмэгтэй өрөөсөн гутал өмсч үзэх: Гутлыг ихэвчлэн эрэгтэй, эмэгтэй хүйст зориулж тусад нь хийсэн байдаг. Гэхдээ, нэг хөлөө эрэгтэй нөгөө хөлдөө эмэгтэй гутал өмсөөд үзэх хэрэгтэй. Эрэгтэй загвар нь арай илүү эвтэйхэн ч юм билүү!

Эцэст нь хэлэхэд, дасгалын гутал сонгож авахад 90% нь хувь хүний хүсэл сонирхлоос хамаардаг. Цөөн тохиолдолд л тусгай зориулалтын гутал нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлж эсхүл мэдэгдэхүйц давуу талыг (жишээ нь, хүндийн өргөлтийн эсхүл дугуйны гуталнууд) бий болгодог.  Нэг их хэрэглээд байхгүй бол тусгай зориулалтын гутал авах гэж хэдэн зуун доллар үрэх хэрэггүй ч байж магадгүй юм.

Эх сурвалж: 

http://vitals.lifehacker.com/how-to-pick-the-right-shoe-for-any-workout-1738200503

http://www.realsimple.com/beauty-fashion/shoes-accessories/shoes/athletic-shoes?print



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Хүүхдүүд дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой газрууд хаана байдаг вэ?

Хүүхэд эрүүл саруул өсөн торниход хөдөлгөөний идэвхтэй байдал хамгийн чухал. Дасгал хөдөлгөөн хийх явцад бие бялдар, оюунухаан зэрэг хөгжиж байдаг тул таны хүүхдэдээ оруулж буй хамгийн том хөрөнгөоруулалт бол түүнийг дасгал хөдөлгөөнтэй л байлгах явдал шүү. Танд хэрэг болгох үүднээс хүүхэд тань ямар төрлийн дасгал хөдөлгөөнийг хаана хийхэд тохиромжтойгазруудыг танилцуулж байна.

Бодибилдинг : Аав хүү хоёрын хамтдаа хичээллэх спортууд

ФИТНЕС & БОДИБИЛДИНГ-Хүү тань таны хамгийн үнэнч фитнес бодибилидинг найз байх болно. Учир нь та хоёр хамт бэлтгэлээ хйиж хамт хооллож, мөн бие биедээ давхар хяналт тавьж болно. Хамгийн сайхан биеэрээ гайхуулсан аав хүү хоёр байхыг хүсэхгүй хэн байх билээ?

Гэр бүлээрээ усанд сэлэхэд тохиромжтой газрууд хаана байна вэ?

Германы эрдэмтэд 1980-аад онд ямар спорт хүний биед хамгийн сайнаар нөлөөлдгийг судалж үзжээ. Уг судалгаанд нийт 570 тамирчин оролцсон ба судалгааны дүнгээр усанд сэлэлтийн тамирчдын 98% нь эрүүл байсныг тогтоожээ. Хүн өдрийн ихэнх цагийг зогсож эсвэл сууж өнгөрүүлдэг учир нурууны яс болон булчинд маш их ачаалал очдог. Харин усанд сэлснээр нурууны үенүүдийн ачаалал буурч, булчин амардаг төдийгүй усанд сэлснээр бүхий л үе мөч тэгш хөдөлж байдаг. Жилийн 4 улирлын алинд ч усанд сэлж болох хэдий ч ялангуяа өвөлд усанд сэлэх нь нэн тустай байдаг байна. Учир нь усанд сэлснээр уушигны хамгийн захын хэсэг хүртэл маш сайн цэвэрлэгддэг.