Хэвлийн дасгал: Хэвлийн булчин гарахгүй байгаа 6 шалтгаан

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       39231       2017.02.04
cover

Фитнес клубт өчнөөн цаг хэвлийн дасгал хийгээд байгаа хирнээ хэвлийн булчин чинь гарахгүй байна уу? Та ямар нэгэн алдаа гаргаад байгаа юм биш биз! Тэгвэл танд хэвлийн булчин гарахгүй байх 6 шалтгааныг танилцуулъя.

Товойн харагдаж байгаа хэвлийн булчин бол эрүүл, хүчтэй бие махбодийн билэг тэмдэг гэж эртний Грекчүүд болон Ромчууд үздэг байжээ. Зевс, Посайдэн болон Геракл зэрэг бурхадыг зургаан булчинлаг хэвлийтэй дүрсэлсэн байдаг нь бурхдын мөнхийн төгс төгөлдөр байдал, хүч чадлыг илэрхийлсэн нь тэр юм. Өнөө цагийн интернетийн эрин үед хүчирхэг биетэй байх нь ид шидийн хүчийг илтгэхгүй ч нэр хүндийн билэг тэмдэг болжээ. "300" гэдэг киног үзсэний дараа фитнес клуб руу яаран яваагүй хүн гэж байгаагүй байх аа!

Зургаан булчинлаг хэвлийтэй байх супер гоё ч ийм хэвлийтэй болох амар бишээ. Бэлтгэл бүрийн дараа хэвлийн таталт хийгээд байхад олигтой үр дүн гарахгүй байгаа бол та энд дурдсан алдаануудын аль нэгийг гаргаад байгаа байж магадгүй. Хэвлийн булчин хэлбэржихгүй байх 6 шалтгаан, түүнийг яаж шийдэх тухай!

1. Таны хэвлийн хана дэндүү их өөхөн давхраатай байна уу.

Зургаан булчинлаг хэвлийтэй болоход хамгийн чухал зүйл бол хүчтэй хэвлий биш, харин биеийн өөх бага байх юм. Хэрвээ таны хэвлийн хэсэг дэндүү их дотор өөхтэй бол хичнээн ч цаг гэдэсний таталт эсхүл хөл өргөлт хийгээд нэмэргүй, таны хэвлий зургаан булчинтай болохгүй.

Ийм тохиолдолд, хэвлийн булчин хэлбэржүүлэх хамгийн үр дүнтэй арга бол хоолны дэглэмээ өөрчлөх. Хэвлийний хувьд дасгал бол зөвхөн нэг л хэсэг – биеийн өөхний хэмжээг буулгах ухаалаг хоолны дэглэм маш чухал – ингэж байж та хэвлийгээ олж харах болно. Ухаалаг хоолны дэглэмгүй бол фитнес клубт дасгал хийж байгаа нөр их хөдөлмөр чинь салхинд хийснэ. Тэгэхээр цуйвангаа болиод арай илүү эрүүл хоол сонгоод үзээрэй. 

2. Та хангалттай олон янзаар хэвлийн дасгалууд хийхгүй байна уу.  

Ихэнх хүмүүс хэвлийг их биеийн голд байрлах жижигхэн хатуу хэсгүүд гэж боддог. Гэвч булчингийн систем яг үнэндээ маш нарийн төвөгтэй юм. Хүний хэвлийн хана нь rectus abdominus буюу зургаан булчин, түүний хоёр талаар байрлах дотор болон гадар булчингаас бүтдэг. Мөн serratus anterior буюу хавирганы дээд хэсгийн булчинг хэлж болно. Бодибилдингийн тамирчид энэ булчингаа их хөгжүүлсэн байдаг.

  

Эдгээр булчингууд нь их биеийг хөдөлгөх, сунгах, эргүүлэх үүрэгтэй байдаг. Хамгийн гол нь эдгээр булчингууд нь бие хөдөлж байхад их биеийг тогтвортой байлгах үүрэгтэй. Хэрвээ та зөвхөн гэдэсний шахалт хийгээд байвал энэ булчингууд бусад чиглэлээр хөгжих боломжийг нь хаана гэсэн үг. Биеийн бусад булчинтай адилхан хэвлийн булчинг төрөл бүрийн өнцөг, чиглэлээр дасгал хийвэл хэвлийн булчин маш сайн товойж гардаг байна.

3. Та хангалттай хэмжээгээр дасгалаа хүндрүүлэхгүй байна уу.

Сүүлийн үед хэвлийн дасгалыг маш олон удаагийн давтамжтай хийх хэрэгтэй гэдэг сонин моод гараад байгаа. Зарим хүмүүс бүр 500 удаагийн давтамжтай хийдэг гэнэ. Хэрвээ та өндөр тэсвэр шаарддаг, хэвлийнд тусгайлсан спортоор хичээллээгүй л бол ингэж олон удаагийн давтамжаар хийх хэрэггүй. Хэвлийн булчинг хөгжүүлэхийн тулд биеийн бусад булчингийн адил өдөөх хэрэгтэй. Гарын хоёр толгойт булчинг хамгийн сайн хөгжүүлэхийн тулд 500 удаагийн давтамжаар хийх үү? Үгүй л байх.

Эхлээд хэвлийн дасгалыг хүндрүүлэгчтэй хийвэл бусад булчинтай адилхан хөгжинө. Мөн давталтын тоог бэлтгэл хийх бүртээ өөрөөр хий. Жишээ нь, нэг удаагийн бэлтгэл дээр өөрийн биеийн жингээр хийх хэвлийн дасгалыг 15-30 удаагийн давталттай, дараагийн удаагийн бэлтгэл дээр давталтын тоог 8-12 болгож бууруулна, гэхдээ хэвлий дээрээ хүндийн диск тавина. Бэлтгэл бүр дээр хүндийн түвшинг нэмээд явна.

4. Та зөвхөн өөхөө л арилгах гэж үзээд байна уу.

Та биеийнхээ аль нэг хэсэгт илүү их дасгал хийснээр тэр хэсгийн өөхийг арилгаж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн танд хэвлийн дасгал хийвэл гүзээ арилна гэж хэлсэн бол тийм боломжгүй гэдгийг түүнд хэл. Хэвлийнээс өөх арилгах цорын ганц шалгарсан арга бол кардио дасгал, хоолны дэглэм, хүчний дасгал гурвыг хослуулж байж бүх биеийн өөхийг аажмаар шатаах арга юм.

Харамсалтай нь хэвлийн өөх хамгийн сүүлд арилж, хамгийн түрүүнд бий болдог. Хэвлийн өөх таны хэвлийд уйгагүй орогнож байгаа нь хоолны дэглэм барих, дасгал хийхэд үнэхээр урам хугалдаг. Хамгийн гол нь тууштай байх шүү. Хэвлийн булчингаа гаргахад хэдэн сар бүү хэл, хэдэн жил ч болж магадгүй, гэхдээ та гал тогооны өрөөндөө ухаалаг байж чадвал та яваандаа үр дүнг нь үзэх болно.

5. Та өдөр болгон хэвлийн дасгал хийгээд байна уу. 

Энэ бол эмзэг сэдэв. Яагаад гэвэл маш олон бодибилдингийн тамирчид өдөр болгон, бэлтгэл болгоны дараа хэвлийн дасгал хийдэг. Гэхдээ, тэд бол хэвлийгээ олон жилийн турш хөгжүүлж байгаа тамирчид. Тэдний хийдэг зүйлс заримдаа жирийн бидний хувьд тийм ч сайн арга биш байж болно. Суулт, өргөлт, шахалт гээд бусад төрлийн дасгалуудыг хийж байхад хэвлий ч бас ажиллаж л байдаг, тийм учраас долоо хоногт нэг удаа их биеэ амрааж байх нь тустай. Та шууд хэвлийн дасгал хийхгүй байгаа ч зарим төрлийн дасгалууд хэвлийг өдөөж байдаг.

Долоо хоногт 2-3 удаа хэвлийн дагнасан дасгалыг хийх нь сайн үр дүнтэй. Хэвлий хөгжиж, хүчтэй болох тусам хэвлийн дасгалын үргэлжлэх хугацааг багасгаж, бэлтгэл болгон дээр хийж болно.

6. Та хоолны дэглэмээ ойрхон ойрхон солиод байна уу. 

Хэвлийн булчингаа гаргахын тулд маш олон хүмүүс богино хугацааны хоолны дэглэм барьдаг. Жишээ нь: тэмцээний өмнө хоолны нарийн дэглэмд ордог. Гэвч, тэмцээн дуусмагц эсхүл хоолны дэглэмийн хугацаа дуусахад буцаад л янз бүрийн хоол идэж эхэлж, кардио дасгал хийхээ болж, хэвлийн зургаан булчингаа алддаг. Тиймээс богино хугацааны хоолны дэглэм, замбараагүй хооллолтоос аль болох зайлсхийх хэрэгтэй.

Дээр хэлсэнчлэн, хамгийн чухал нь тууштай байх шүү, тууштай байвал зургаан булчингийн нууцыг олоход амахан. Та фитнесийг өөрийн амьдралын хэв маяг, зуршил болгох хэрэгтэй. Хэрэв та хоолондоо тууштай анхаарч, бэлтгэл дасгалаа эрч хүчтэй тууштай хийгээд байвал таны хэвлийн зургаан булчин хэдэн долоо хоногоос ч илүү удаан хугацаагаар хадгалагдана. Өөхгүй, булчинлаг, галбирлаг, чанга сайхан биетэй байвал та хэзээ л бол хэзээ сэлфидээд байхад урамтай шүү!

Эх сурвалж: http://www.bodybuilding.com/content/ab-training-6-reasons-your-abs-arent-showing.html?mcid=SM_fb_training



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Амралтын өдөр гэр бүлээрээ хийж болох 5 зүйл

Амралтын өдөр эхэлж байна. Та энэ өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөж байна. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлийг уншаарай. Эдгээрээс санаа авч, гэр бүлээрээ дурсамжаа бүтээцгээе.

БИЕИЙН ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙДАЛ СЭТГЭХҮЙН ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БАЙДАЛД НӨЛӨӨЛДӨГ.

Дасгал хөдөлгөөн нь тархинд очих цусан хангамжинд хэрхэн нөлөөлдөг, улмаар сэтгэхүйн түгжрэлийг эмчилдэг болохыг эрдэмтэд судалж байна.

Хүүхдийг хэрхэн илүүдэл жингээс нь салгах вэ?

Бид дээхин үед хүүхдийг тарган мяраалаг байвал эрүүл өсөн торниж байна хэмээн эндүү ойлгодог байжээ. Сүүлийн үед бага насны хүүхдийн таргалалт газар авах хандлагатай болсоор байна. Танд зайлшгүй шалтгаан байхгүй л бол хүүхдээ 6 сар хүртэл нь эхийн сүүгээр хооллох хэрэгтэй бөгөөд, багаас нь нэмэлт тэжээл өгснөөр хүүхдийн таргалах үндэс тавигддаг хэмээн үздэг. Тиймээс хүүхдийг багаас нь эрүүл хооллож, 5-7 наснаас нь эрүүл хооллох дадал зуршлыг бий болгох шаардлагатай.