Хүчирхэг Эмэгтэйчүүд

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       8679       2017.04.04
cover

HOBBYCRAFT ARTS AND CRAFTS КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ CATRIONA MARSHALL 

Catriona 50 настай, өглөө 6 цагт босож, нэг цаг гүйлт хийж өдрийг эхлэх дуртай. Тэр долоо хоног бүр 51.5 км гүйдэг бөгөөд Лондонгоос Оксфорд хүртэл дугуй унаж, бас дээр нь фитнес клубт дасгал хийж эрч хүчээ сэлбэдэг. Гэсэн ч ийм өндөр ачаалалтай дасгал түүнд хангалттай биш байдаг байна. Тэрээр 2015 онд Францын нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бараг 1,609 км газар дугуй унасан байна. Харин өнгөрсөн жил Ирландад 965 км газар дугуй унажээ. Энэ жил Snowdonia паркад байх эгц хадан хавцал руу авирч, газрын гадаргаас хэдэн зуун метрийн өндөрт бэхэлсэн майханд хоноод өглөө нь хадан хавцлын доошоо буцаж авирах тэмцээнд бэлтгэж байна. Тэрээр энэ их экстрим спортоор хичээллэхийн зэрэгцээ компаниа босгож, амжилтанд хүрэхийн төлөө бас л экстрим хичээл зүтгэл гаргаж ажилладаг.

Спортоор хичээллэх, бизнес авч явах хоёр бол харилцан ашигтай гэж Catriona үздэг. Нэгнээс нь суралцсан хатуужил нөгөөд нь хэрэг болдог. ‘Спортоор хичээллэх, бизнес авч явах хоёр хоёулаа хүнд өөрийнх нь тухай болон хүмүүсийг юу хөдөлгөдөг, зоригжуулдаг болох талаар маш их зүйлийг зааж сургадаг,’ гэж Catriona итгэдэг. Түүний дараагийн долоо хоногт тавьсан зорилго нь - 45 минутын дотор 10 км гүйж хувийн дээд амжилт тогтоох болон компанийхаа түгээлтийн төв дээр оргил бүтээмжид хүрэх. Тасархай амжилттай эмэгтэйчүүдийн ихэнх нь экстрим спортод дурласан байдаг. Catriona Marshall захирлын хувьд дасгал хөдөлгөөн бол стресс тайлагч юм. Тэрээр компанидаа фитнесийн соёлыг нэвтрүүлсэн. ‘Зардлууд өссөөр байна —илүү сайн бөгөөд илүү үр бүтээлтэй ажиллахын тулд цөөн тооны сайн хүмүүс бидэнд хэрэгтэй байна,’ гэж Catriona Marshall хэлж байна. ‘Хүмүүс илүү эрүүл, баяр баясгалантай, оролцоотой байх тусам илүү сайн үр дүн авчирдаг.’

Catriona Marshall нь 2011 онд гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш  ажил дээрээ планк (банз барилт буюу тохой болон өлмий дээрээ бүх биеэ тэгш барих) болон скуот буюу явган суух тэмцээнүүд хийдэг болжээ. ‘Энэ сорилтуудыг хийсэн хүн болгоны тоогоор 1 паундыг сайн үйлсэд хандив өргөдөг.’ Компанийн ажилтнууд марафонд оролцож байгаа эсэх, дугуйн груп байгуулагдсан эсэхэд тэрээр анхаарал тавьдаг.

‘Тууштай, үнэнч 6 хүмүүс байдаг. Бид нар өглөө өрт 6 цагт цуглаж, дугуй унадаг. Ажил дээр юу болж байгааг ярилцах сайхан боломж.’ гэж Catriona захирал ярив. Тэрээр өөрийнхөө цөм багийн гишүүдээ Фитбит хэмээх хэдэн алхам явсныг хэмждэг төхөөрөмжөөр хангажээ. 100 хоногийн 1 сая алхам явж, хандив цуглуулах уриалгыг багийн гишүүддээ мөн гаргасан байна. ‘Тэд дуусаад уриалгыг хүлээн авч байгаа дараагийн хүмүүст Фитбитээ өгнө,’ гэж Catriona захирал ярьж байна. Түүний багийнхан түүнийг дэмждэг. Hobbycraft компанийн маркетинг болон олон нийтийн харилцааны менежер David Westman нь өнгөрсөн жил хагас марафон гүйсэн бөгөөд энэ жил хамт ажилладаг 53 нөхөдтэйгээ хамт 35 км алхалт хийхээр бэлтгэл хийж байна. ‘Тэр үнэхээр компанид фитнесийг ажил болгож гаргаж ирсэн,’ гэж David хэллээ.

IBM-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ HARRIET GREEN

Harriet Green нь 55 настай. IBM-ийн ерөнхий захирал болохоосоо өмнө Thomas Cook-ын гүйцэтгэх захирал байсан.  Өглөөний 5.30-д босч 16 кг-ийн туухай өргөдөг гэнэлээ. ‘Хүмүүс дэндүү их идэж, дэндүү их унтдаг,’ гэж боддогоо тэрээр хэлсэн байдаг.

Thomas Cook-д ажиллах байхдаа Green өөрийнхөө багийг марафон гүйлт, гурван төрөлт болон гимнастикаар хичээллэдэг хүмүүсээр бүрдүүлсэн байна. Энэ нь уналтанд ороод байсан аялалын компанийг босгоход яг хэрэгтэй байсан зүйл гэж тэр хэлж байлаа.

ERNST&YOUNG ОЛОН УЛСЫН АУДИТЫН ФИРМИЙН ТАТВАРЫН АХЛАХ ПАРТНЕР JOSEPHINE BUSH

Josephine Bush нь 47 настай, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр Ernst&Young хэмээх олон улсын нягтлан бодох бүртгэл, аудитын фирмд татварын ахлах партнер ажилтай. Josephine байнга олон цагаар ажиллаж, томилолтоор явдаг. ‘Бид саяхан Австри-д цанаар гулгаж амрахаар долоо хоног явсан. Гэхдээ, би хэдэн тайлан материал хянаж явуулах шаардлагатай байсан учраас дөнгөж нэг бүтэн, нэг хагас өдөр л цанаар гулгасан.’ гэж Josephine ярьлаа. Маш завгүй хуваарьтай ч тэрээр экстрим спортод дурласан нэгэн. Тэрээр ‘дэлхийн хамгийн хэцүү гүйлтийн уралдаан’ гэж алдаршсан Marathon des Sables -д оролцож, өөрийнхөө хоол унд, хэрэгтэй зүйлсээ үүрээд Сахаарын цөлд 7 хоногийн дотор 6 марафонд гүйсэн байна. ‘Орой болгон хөлөө арчилж, цэврүүгээ эмчилдэг байлаа.’ Өнгөрсөн жил тэрээр Yukon Challenge хэмээх гол дээгүүр 715 км газар каяак завиар явж, чулуурхаг голын эрэг дээр майхан хонож явдаг тэмцээнд орсон байна. Тэрээр одоо Францын Gironde голоор 5 өдрийн дотор 145 км газар каяак завиар явах цэргийн хандивын тэмцээнд бэлтгэж байна. ‘Би өөрийнхөө тухтай байдлаас гарах дуртай,’ гэж тэр хэлж байна. ‘Оролдож үзэхээс наана хүн өөрийгөө юу хийх боломжтой, чадвартай гэдгээ мэддэггүй. Иймэрхүү уралдаан, тэмцээнд хүн өөрийнхөө дотоод хүчин чадалд тулгуурлаж өөрийгөө авч гарах хэрэгтэй болдог. Насанд хүрсэн эрчүүд уйлж, мөлхөж байхыг би харсан.’ Инженерийн охин Josephine хэд хэдэн улсын сургуульд сурч (‘түүний аав, ээж маш их нүүсэн’), Кэмбрижийн их сургуульд хуулийн ангид орсон байна. ‘Ухаантай байлаа гээд биш харин спортлог байвал сургуульд алдартай болдог. Би огт дээрэлхүүлж байгаагүй, спортлог байхад олны нэг болоход хамаагүй амархан болдог.’ Өнөө үед түүний хувьд спорт бол өөртөө сэтгэл хангалуун байх, бусдад өгөх  (хандивын мөнгө цуглуулах) болон ажлын-бус нөхөрлөл бий болгох зэрэгт маш чухал. Тэрээр долоо хоногт 5 удаа, доод тал нь нэг цагийн бэлтгэл хийдэг. ‘Заримдаа би өглөө 6.30 босоод ажил руугаа гүйдэг (16 км) - эрт очоод ажил дээрээ усанд ордог. Гэхдээ би орой гүйх илүү дуртай.’ Тэр гэртээ гүйлтийн зам, алхалтын машин болон дасгалын дугуй бүхий дасгалын өрөөтэй. ‘Гэр бүлийнхэндээ хангалттай цаг зориулахгүй байгаадаа дандаа л санаа зовж, буруутай юм шиг санагддаг.  Гэхдээ би дасгалд донтчихсон гэж бодохгүй байна - хүн дасгалд донтох тохиолдол байдаг.’

Түүнтэй фитнес клуб дээр уулздаг өдөр Josephine хоёр хүүтэйгээ алхаж байгаад ирсэн байлаа - ингэж алхахдаа тэр үүргэвчиндээ 27 кг ачаатай алхсан байна. ‘Сандал дээр суутал арагшаагаа нисээд л уначихсан, яг л буруу харуулаад тавьчихсан цох хорхой шиг.’

‘Спорт бол урагшаа ахихад туслах хэрэгсэл биш юм, гэхдээ спорт бол надад карьераа зохицуулахад минь тусалсан, яагаад гэвэл спорт надад баланс өгсөн, миний бие болон оюун ухааныг эрүүлжүүлсэн, амьдралдаа илүү их сахилга бат бий болгоход тусалсан - ажил, гэр бүлийн зэрэгцээ спортоор хичээллэхийн тулд хүн маш их хувийн зохион байгууллаттай байх ёстой.’

Ernst&Young компани нь спорт болон манлайллын уялдаа холбоог маш сайн ойлгож, дэмждэг. Тиймээс ч дөрвөн жилийн өмнө Эмэгтэй Тамирчдын Бизнес Холбоо буюу Women Athletes Business Network (WABN) гэдгийг байгуулсан байна.

Энэ санаачилга нь эмэгтэй элит тамирчдыг өндөр амжилттай захирал болохыг дэмжих зорилготой юм. Ernst&Young компани нь Рио-гийн олимпод оролцсон есөн эмэгтэй тамирчдыг сургаж, зөвлөж, бэлтгэж байна.

‘Бидний хийсэн судалгаагаар C-Suite буюу - гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан захирал, үйл ажилагаа хариуцсан захирал, мэдээлэл хариуцсан захирал гэх мэт - албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн 94 хувь нь  спортоор хичээллэдэг бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь их сургуулийн түвшинд спортын тэмцээн, уралдаанд тоглодог байсан байна.,’ гэж тус компанийн олон нийтийн бодлогын ерөнхий дэд захирал, WABN-ы манлайлагч бөгөөд сагсан бөмбөгийн од байсан Beth Brooke-Marciniak хэлж байна.

N BROWN ГРУППЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ANGELA SPINDLER


N Brown Group бол хувцас загварын онлайн фирм бөгөөд Английн FTSE 250 (FTSE 250 гэж Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлсэн 250 дунд хэмжээний компаниудыг хэлдэг) компанийн нэг юм. Энэ компанийн гүйцэтгэх захирал Angela Spindler нь 54 настай. Түүний хувьд спортоор хичээллэнэ гэдэг бол өөрийнхөө байж болох хамгийн сайн хэмжээндээ байх асуудал юм. Angela нөхөртэйгээ хамт амьдардаг, хоёр хүүхэд нь насанд хүрсэн. Бид тогтворгүй цаг үед тогвторгүй салбарт ажиллаж байна. Бидэнд санаачилгатай, эрч хүчтэй, тууштай хүмүүс хэрэгтэй байна.’ гэж Angela захирал хэлж байна. Angela-гийн хувьд эхлээд дасгал хийнэ гэдэг бол ердөө л ‘maintenance’ буюу арчилгаа байсан гэнэ. ‘Миний хувьд боломжийн хэлбэр галбиртай байх чухал.’ Angela зумба бүжиг, keep-fit болон пилатис хийдэг байжээ. ‘Тэгээд найман жилийн өмнө хувийн дасгалжуулагчтай болсон. Энэ нь маш том өөрчлөлт авчирсан. Би өөрийгөө шахаж эхэлсэн, тэгээд бүр илүү их шахдаг болсон.’ Тэрээр долоо хоногт 24 км гүйдэг. Энэ 6-р сард Duchenne Dash хэмээх Лондонгоос Парис хүртэл 24 цагийн дотор дугуй унах маш хэцүү тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Бэлтгэлийнхээ нэг хэсэг болгож Ээжүүдийн баяраар ээжийнхээ гэр лүү 72 кт газар дугуй унаж очсон. 

ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БУСАД ЖИШЭЭ

Vodafone компанийн Ирланд дахь салбарын гүйцэтгэх захирал Anne O’Leary нь гурван төрөлт (triathlon) буюу эхлээд задгай усанд 1.5 км сэлээд үргэлжлүүлээд 40 км газар дугуй унаад дараа нь 10 км гүйдэг тэмцээнд оролцдог байна. Мөн Xerox компанийн захирлуудын зөвлөлийн дарга Ursula Burns нь долоо хоногт хоёр удаа өглөөний 6 цагт хувийн дасгалжуулагчтай хамт нэг цагийн бэлтгэл хийдэг байхад IMF буюу Олон Улсын Валютын Сангийн гүйцэтгэх захирал Christine Lagarde нь өсвөр насандаа Францын үндэсний усны гимнастикийн багийн гишүүн байжээ. Харин  Hillary Clinton коллежид байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан байна.

СПОРТ БА АЖЛЫН АМЖИЛТ

Капитализмын үеийн эрчүүд давамгайлсан өдрүүдээс тасархай өөр байгаа юм шүү. Тэр үед ‘амжилттай байх’ гэдэг бол ажлын дараа хамт ажиллагсадтайгаа архи ууж, тамхи татахыг хэлдэг байлаа, гэтэл энэ нь зүрхний өвчний суурь болж, даргын гүзээ суулгадаг байлаа. 2001 онд Harvard Business Review сэтгүүлд Байгууллагын Тамирчин Бэлтгэх нь гэдэг нийтлэл хэвлэгдсэнээр энэ бүхэн өөрчлөгдөх эхлэл тавигдав. Уг нийтлэлийн зохиогчид буюу сэтгэл зүйч Jim Loehr болон захирлын зөвлөгч Tony Schwartz нар “манлайлагчдын тархинд дэндүү их анхаарч, харин тэдний биенд хангалттай анхаарал тавихгүй байна” хэмээн бичжээ. Үр бүтээлтэй манлайлагч нарт бие махбодийн фитнес чухал хэрэгтэй бөгөөд элит, өндөр чадвартай тамирчдын бэлтгэлийн сэтгэхүйгээс боссууд суралцах хэрэгтэй гэж бичсэн байна. 

Харин өнөөдөр - компанийн хувьд ч тэр компанийн боссын биений хувьд ч тэр - ‘өөхгүй’ бөгөөд ‘фит’ байх хэрэгтэй гэж үздэг болсон байна.

Колонийн их сургуулиас саяхан хийсэн судалгаагаар 2001-2011 онд марафонд гүйсэн гүйцэтгэх захирлуудын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. CEO Challenges буюу Гүйцэтгэх Захирлын Сорилт хэмээх шилдэг захирлууд оролцож, гурван төрөлт болон 160 км-ын бартаат, уулын дугуйгаар өрсөлддөг тэмцээнд эмэгтэй супер боссууд улам их оролцдог болж байна. ‘Ихэнх хүмүүсийн хувьд давшгүй гэж үздэг зүйлсийг эмэгтэй супер боссууд давж гарах дуртай байдаг,’ гэж дэлхийн олон орны гүйцэтгэх захирлууд оролцдог энэ тэмцээнийг зохиосон Ted Kennedy хэлж байна. ‘Энэ хүмүүс бол өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүрийн минут болгонд ажилладаг хүмүүс юм.’ Тэгэхээр тэд үнэ цэнэтэй чөлөөт цагтаа яагаад өөр байх билээ дээ?

 ‘Уялдаа холбоо нь маш тодорхой - бизнест амжилт олоход туслах ур чадварууд (фокус буюу анхаарал төвлөрүүлэх, сахилга бат болон гүйцэтгэлээ сайжруулах чадвар) нь эдгээр тамирчдын ДНК-д суусан байдаг,’ гэнэ. Түүний бодлоор спорт бол бусдаас ялгарах нэг арга юм.

‘Ажилтан спортод амжилт гаргаж байгааг ажил олгогч олж мэдвэл сайн, энэ нь ажилтны карьерт сайнаар нөлөөлдөг.’ Бизнесийн олон экспертүүд энэ үзэл бодлын дэмждэг. ‘Гүйцэтгэх захирлууд ажилтан авахдаа анкет дээр нь байгаа ажилтай холбоотой ур чадварыг анхаарч ярьдаг байсан, харин одоо тэд марафон, гурван төрөлтийн талаар ярьдаг болсон,’ гэж says Cass Business School -ийн байгууллагын зан авирын профессор Andre Spicer ярьж байна. ‘Энэ бол амьдралын бүх аспект дээр гойд-өндөр гүйцэтгэлтэй гэдэг талаар ойлголт өгч байгаа хувийн маркетингийн тактик юм.’

Нэгэн бизнесмэн хэлэхдээ: ‘Спортоор хичээллэнэ гэдэг бол байгууллагынхаа дотор болон гадна өөрийнхөө давуу байдлаа - дээгүүр албан тушаалд хүрч чадаагүй хүмүүсээс үндсээрээ өөр гэдгээ - тогтоох, нотлон харуулах зорилготой юм.’

Гэхдээ захирлуудын зөвлөлийн өрөөнд яригддаг бас нэгэн чухал асуудал бол эрүүл мэнд юм. ‘Хэрвээ гүйцэтгэх захирал нь эрүүл мэндийн ноцтой асуудалтай бол компанийн хувьцаа унах аюултай,’ гэж Professor Spicer хэлж байна.

Centre for Creative Leadership буюу Бүтээлч Манлайллын Төвөөс хийсэн судалгаагаар өргөн бүсэлхийтэй, биеийн жингийн индекс буюу body mass index (BMI) үзүүлэлт нь өндөр захирлуудыг ажил дээрээ, ажлын гүйцэтгэл дээр болон хамт ажилладаг хүмүүстэйгээ харилцахдаа үр бүтээл багатай гэж бусад хүмүүс дүгнэдэг болохыг тогтоожээ.

Тиймээс гүзээтэй бол мөнгөтэй, албан тушаалтай, буянтай бол тарган гэдэг ойлголт аль хэдийн ард хоцорсон байна шүү ONEFIT-чдээ.


Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/femail/article-4373498/The-new-super-women-Ultra-fit-female-bosses.html-ээс шууд орчуулан хүргэж байна.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох