Tulip Studio

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Spotlight Partner       10965       2017.04.05

Энэ сарын онцлох түнш студиэр 2 дох салбараа нээгээд удаагүй байгаа Tulip Studio (Тюлип студи)-г урьж оролцууллаа. Тус студийн үүсгэн байгуулагч бөгөөд иогийн багш С. Энхцэцэгтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг сонирхоно уу. Тюлип студи нь анх 2015 онд байгуулагдсан ба иог, балет, бүжиг, уран зураг гэсэн 4 төрлийн сургалтуудтай, хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан 20 орчим ангитай, 2 салбартай, мэргэжлийн, олон улсад заах эрхтэй, туршлагатай 8 багштай, 2 зохион байгуулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Салбар-1: БЗД, 13-р хороолол, JP office (Төрийн банктай), 7 давхарт. Утас: 99092148, 99116131

Салбар-2: ХУД, Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойно, Наадам клуб. Утас: 76009090

Сошиал хаяг:



Та эхлээд өөрийгөө танилцуулна уу. Мөн яагаад студи нээж, ажиллуулах болсон тухай болон студиэ нээх үеийн хамгийн гоё дурсамжаасаа хуваалцана уу.

Намайг Энхцэцэг гэдэг, санхүүч мэргэжилтэй. Спортоор ер нь хичээллэж байгаагүй, тоо бодож рүбик шоо эргүүлэх ч юм уу, бие бялдарын хувьд таг хөшүүн, суугаа ажилтай хуян ихтэй, санхүүчдын нэг байлаа. Анх иогоор хичээллэж эхлээд энэ л надад хамгаас их хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бие сэтгэлийн хувьд асар их бэлгийг иогоос хүртсэн. Тиймээс ийм сайхан зүйлийг олон хүнд хүргэх хэрэгтэй гэсэн сэтгэлээр студиэ нээсэн юм. Манайх нээгдээд 2 жил болж байна. Энэ хугацаанд одонгийн хүүхдээ ч гаргалаа, олон сайхан багш нартай, олон хүмүүс бас хөөрхөн хүүхдүүд бужигнасан сайхан энергитэй газар боллоо, салбараа ч нээж амжлаа.

Иог бол спорт биш, ямар нэгэн шашин шүтлэг биш. Өөрөө өөрийгөө ойлгох, өөрөөрөө байх, дотор сэтгэлээ нээх, хүн болж төрсний утга учраа ойлгоход туслах арга зам билээ. Бид ажилтай завгүй, орчин үеийн хурдацтай нийгэмд өөрийгөө гээх, анхаарлаа хэт гадагшаа чиглүүлэн амьсгалаа ч мартан бие эрхтэн, сэтгэл зүйгээ ч гадны нөлөөлөлд оруулан алхсаар өөрт хэрэгтэй зүйлээ хүртэл гаднаас нэхэн, яарсан цухалдсан байдаг. Яг л ийм байдлаа би өөр дээрээ иог хийж эхлээд л мэдсэн юм.

Студийнхээ нэрийг хэрхэн сонгосон бэ? Танай студийн бусдаас ялгарах онцлог, ямар төрлийн хичээлүүдтэй, багш нарын ур чадвар, студийн ерөнхий уур амьсгал? Мөн таны мөрөөдөл юу вэ?

Ямар нэг сайхан нэр өгөхийг хүн бүхэн л хүсдэг. Дэлгэрдэг, дэлбээлдэг, аз жаргал дууддаг, ариун гэгээн, хайр татсан зүйл бол цэцэг шүү дээ. Тэгээд цэцгээр нэрлэе гээд санаандгүй орчин тойрноо хартал найз нөхдөөс минь бэлэглэсэн болон өөртөө зориулж авч байсан сувинерүүдэд Тюлип буюу Алтанзул цэцэг хаа сайгүй намайг хүрээлээд байж байсан.

Манайх бусдаас ялгарах зүйлтэй байя гэж хичээгээгүй ээ. Хамгийн гол нь сэтгэл шингэсэн, сайхан зүйлийг бусдад хуваалцах, нэг ч гэсэн хүнд энерги бэлэглэх, аз жаргал, эрүүл мэнд, эрч хүч, амар амгаланг мэдрүүлэх гэсэн чин сэтгэлтэйгээр сургалтуудаа хүргэе гэсэн зорилготой.

Одоогоор иог, балет, бүжиг, уран зургийн хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан сургалтуудтай. Сайхан энергитэй хүний төлөө гэсэн 8 багштай, 2 зохион байгуулагчтай. Багш нар маань бүгд мэргэжлийн, олон улсад заах эрхтэй, зарим нь олонд танигдсан олон жил багшилсан туршлагатай бахархмаар сайхан залуучууд байдаг.

Бидний хийж байгаа зүйлсээр дамжуулан хүмүүст сайхан зүйлсийг мэдрүүлэн, орчин тойрны хүнд хэцүү амьдрал, стресс бухимдал, завгүй чөлөөгүй эргүүлгээс бага багаар ч гэсэн ангижирч, зөв гарцаа олж харан, хар барааныг бага ч гэсэн цагаан болгох эрч хүчийг аван амьдрах урам зоригтой хүмүүсээр хорвоо ертөнц дүүрээсэй гэж мөрөөддөг юм.

Анх яагаад иогоор хичээллэх болсон? Таны дуртай дасгалууд юу вэ?

Би туранхай ч 3 дахь хүүхдээ таг хэвтрийн дэглэмтэй тээсэн болохоор их таргалж, хөшиж, нуруу аарцаг их өвдсөн. Анх 6 жилийн өмнө Солонгосийн Ук Жу Ион гэдэг багшийн тураах иогийн СD-г ТВ шопоос гэртээ хүргүүлж аваад хийж үзээд өөрийгөө хөшиж үхэх гэж байгаагаа мэдсэн. Амьсгалаа ч буруу авдаг, завилж сууж чадахгүй, яг л хатсан мод шиг, гар хөл хүчгүй, байнга даардаг, өвчин тусамтгай, стресс бухимдалтай, ажил ажил гээд өөрийгөө гээх шахсан байснаа иог хийгээд ойлгосон. Тэгээд Монголынхоо олон сайхан багш нарын хичээлд сууж, олон сайхан зүйлийг мэдэрсэн. Студиэ нээгээд удаагүй 4 дэх хүүхдээ олж, төрөн төртлөө иогдсоор маш хөнгөн эрүүл саруул төрж, сайхан охинтой болж, удалгүй сар гам бариад дахиад хичээллэж эхэлсэн.

Хүн ямар уян хатан эрч хүчтэй байх ёстой, өөрийн эд эс бие махбодь сэтгэл санаа нь өөртөө яаж захирагдах ёстой, орчин тойрон хорвоо ертөнцтэй зүй зохистой хэрхэн уялдан амьдрах ёстойг гээд олон зүйлийг ухаарч мэдэрсэн. Яг л хөшиг нээсэн мэт.

Иогийн дасгалын тухайд маш олон асана дасгалууд байдаг. Бүгдээрээ үнэхээр гайхалтай. Анх хүмүүс хараад зарим нь амархан санагддаг боловч асана болгон хүний биед яаж нөлөөлж байгааг мэдрэх нь их чухал. Жишээ нь зүгээр Тадасана буюу мод байрлалаар амьсгалаа аваад цэх зогсох, ширээ байрлалаар дөрвөн хөллөх зэрэгт дотоод шүүрэл, нуруу гар мөр, хөлийн бүхий л хэсэг ажиллагаанд орж, бие халан хөлс чийхарч, тэнцвэр хүртэл сайжирч тархи мэдрэлийн систем сэргэдэг. Хүмүүс амархан чадчихлаа, дараагийнх гээд хэт асанаг чухалчлан, үзүүлбэрт анхаарлаа хандуулдаг.

Гэтэл зарим хүмүүс эсрэгээрээ байдаг. Хүн өөрийн чаддагаа хийх дуртай урамтай байдаг л даа. Гэхдээ чадахгүйгээ хийхийг илүү их хичээх хэрэгтэй, ингэж байж бие тэнцвэрждэг. Иог бол үзүүлбэр эсвэл хэт тайвшрал биш, харин бие оюун санааны нэгдэл буюу тэнцвэрийг барьснаар хүний хүрэх боломжит хязгаарыг нээх гэж миний хувьд ойлгодог.

Бусдад санал болгох, зөвлөх дасгалын хэвшил? Дасгалыг хэрхэн хэвшил болгосон тухай? Мөн тогтмол дасгал хийж эхлэх гэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Амьдрал бол амьсгал шүү дээ, чи минь их хэрэгтэй зүйлээ олжээ гэж миний хайртай настан багш минь сая цагаан сараар золгон очиход хэлсэн юм. Иог бол амьсгалаас эхэлдэг бөгөөд дасгалаар дамжуулан бие эрхтэнийг болоод сэтгэл оюуныг цэвэрлэн хоргүйжүүлж, эрүүлжүүлж байдаг. Бид зөв дасгал хөдөлгөөн хийж, түүнийгээ хоол иддэг, биеэ угаан цэвэрлэдэг, өдөр бүр шүдээ угаадаг шигээ л тогтмол хэвшил болгох хэрэгтэй юм байна. Тиймээс нэг томъёо цээжилдэг шиг сураад мэдээд авчлаа боллоо гэж хаялгүй байнга хийж хэвшиж байж та өөрийгөө эрүүл саруул эрч хүчтэй байлгаж чадна. Иог нь сураад дуусдаг зүйл биш байнга дасгал болгоноос хийх болгондоо суралцаж байдаг, амьдралын хамгийн гоё амтыг мэдэрч байдаг дуусашгүй дундрашгүй өөрийгөө хүн гэдгээ ойлгох ухаан гэж санагддаг. Мөн чадахгүй, завгүй гэж шантралгүй хурдтай амьдралын эргүүлгээс багахан ч гэсэн хормыг өөртэйгөө байх боломж болгон цаг заваа зориулаасай гэж хүсдэг.

Таны бодлоор фит биетэй болох, тогтмол дасгал хийдэг болох талаар хүмүүст байдаг хамгийн том буруу төсөөлөл юу вэ? Хүмүүс мэддэг ч болоосой гэж таны хүсдэг 3 зүйл юу вэ?

Гоё сайхан бие зөвхөн гоолиг харагдахдаа биш юм байна. Эрүүл саруул, эрч хүчтэй дотроосоо гэрэлтсэн, өөртөө итгэлтэй байх шиг гоё зүйл хаана ч байхгүй. Турах таргалахдаа чухал биш. Иогоор хичээллэн хурдан турах уу? Нугардаг болох уу? гэж хүмүүс их асуудаг. Хурдан хурдан л гээд яарцгаадаг. Өдий болтол өөрийгөө хэрхэн авч явж ямар цаг хугацааг яаж өнгөрүүлснээр, ямар дадал хэвшилтэйгээс хүний бие сэтгэл яг л илэрхийлэгддэг. Хурдан гэж яарах тусмаа гэмтэх бэртэх, эрдэсээ алдах, ядрах, буцаан нөхөх гээд бас л хугацаа алддаг. Тиймээс хэт их яарах хэрэггүй, гэхдээ удаж хугацаа алдалгүй нэг өдрийн өмнө ч гэсэн өөртөө цагаа л гаргах хэрэгтэй. Иог хийж эхэлсэн цагаас та насаа мартана гэж нэгэн туулсан үзсэн хүн хэлсэн байдаг. Залуужидаг, хайраар бялхаж, гэрэлтэж эхэлдэг. Олон сонсохоор нэг удаа ч болов өөрийн биеэр хийгээд үзэх мэдрэх хэрэгтэй. Гэвч нэг үзээд мэдэрч чадахгүй тохиолдол байдаг. Би ч мөн адил эхлээд хэсэг хугацааг алдаж байж дахин эхэлсэн. Анх иог хийж байгаа хүн дор хаяж сар хичээгээд багшаар заалгуулаад үзэх хэрэгтэй.

Танд хамгийн их урам зориг өгдөг, тогтмол дасгал хийхэд тусалдаг уриа үг, титэм үг байгаа юу? Түүнийгээ бидэнтэй хуваалцана уу.

Яг тийм уриа, титэм үг байхгүй ээ, өөрт гарч байгаа өөрчлөлтөө хараад мэдрээд л тэрэндээ их урам ордог. Өөрийн өөрчлөлтөө харахын тулд зураг авч хадгалах нь их хэрэгтэй байдаг. Өмнөхтэйгөө харьцуулдаг. Чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй зургаа сайн авах хэрэгтэй, хэсэг хугацааны дараа угаасаа чаддаг болчих тул санаа зовж ичих хэрэггүй. Олон сайхан багш нар, гадны мундаг иогчдын зураг бичлэг, тэдний сэтгэлээс гардаг үгсийг сонсож, унших дуртай. Бас мэдээж манайд ирдэг олон сайхан хүмүүсээсээ, тэдний өөрчлөлтөөс маш их урам авдаг. Сайхан ярилцаж, онцлох түншээр урин оролцуулсан танай хамт олонд баярлалаа, та нартаа ажил амьдралд нь амжилт, зорилгоо биелүүлэх боломж нь үргэлж нээлттэй байгаасай гэж хүсэн ерөөе! Баярлалаа.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT gives you access to more than 50 best gyms and studios in UB. Download now for free. For more information and promotions, call 70107700, 70107710.


Санал болгох