Шахмал витамин хэрэглэх үү эсхүл...
Ногоо их ид, дасгал хий тэгээд витамин, амин дэм хэрэглэ гэдэг бол энгийн бөгөөд ойлгомжтой зөвлөгөө л дөө. Эсхүл үгүй ч байж мэднэ. Учир нь хэдэн арван жилийн судалгаанууд витамин буюу нэмэлт амин дэмүүд нь үнэхээр сайн гэдгийг баталсан баттай нотолгоог хайж олж чадахгүй байгаа билээ. Үнэндээ, саяхны судалгаанууд харин ч бүр эсрэгээр зарим витаминууд нь муу байж магадгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Тухайлбал зарим нэмэлт амин дэмүүд хавдрыг ихэсгэдэгтэй холбоотой байдаг бол нөгөө хэсэг нь бөөрний чулуутай болгох эрсдлийг нэмэгдүүлдэг, бүр цаашлаад ямарч шалтгаанаар нас барах эрсдэл өндөртэй болохтой ч холбоотой гэж дүгнэсэн байна. Тэгвэл ямар витамин, нэмэлт амин дэмүүдийг хэрэглэх, ямарыг нь хэрэглэхээс татгалзах вэ?
Мултивитаминууд: Хоолны тэнцвэртэй дэглэм барьж, мултивитаминуудыг хоол хүнснээс авах боломжтой тул зайлсхийх хэрэгтэй.
Хэдэн арван жилийн турш мултивитаминуудыг эрүүл мэндэд зайлшгүй хэрэгтэй гэж үздэг байжээ. Тухайлбал С витамин дархлааны системийг дэмждэг; А витамин нүдний харааг хамгаалдаг; харин В витамин биеийг эрч хүчээр сэлбэдэг гэх мэт. Бид өдөр тутмын хоол хүнснээсээ эдгээр амин дэмүүдийг хангалттай авдаг ба хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл хор хөнөөлтэй болдогыг судалсан байна. 25 жилийн хугацаанд ойролцоогоор 39,000 ахимаг насны эмэгтэйчүүдийг хамруулсан 2011 оны том судалгаагаар мултивитаминуудыг удаан хугацаанд хэрэглэсэн эмэгтэйчүүд огт хэрэглээгүй эмэгтэйчүүдээсээ илүүтэйгээр нас барах эрсдэл өндөртэй болохыг тогтоосон байна.
Д витамин: Ясыг бат бөх байлгахад тусалдаг ба хоол хүнснээс авахад хэцүү тул хэрэглэх хэрэгтэй.
Д витамин нь бидний хэрэглэдэг ихэнх хоол хүнсэнд агуулагддаггүй ба кальцийг бие шингээж авахад тусалдаг тул ясыг бат бөх байлгахад нэн чухал амин дэм юм. Нарны туяа нь бидний биеийг Д витамин үйлдвэрлэхэд тусалдаг ч хүйтний улиралд нарны туяанаас Д витаминыг авах хэцүү шүү. Саяхны хэдэн судалгаагаар Д витаминыг өдөр тутам хэрэглэдэг хүмүүс дундажаар илүү урт насалдаг гэдгийг тогтоосон байна.
Антиоксидантууд: Ихээр хэрэглэх нь зарим төрлийн хавдрыг ихэсгэх эрсдэлтэй тул зайлсхийх хэрэгтэй ба үүний оронд нэрс, аньс зэрэг жимсгэнийг идээрэй.
A, C, болон E витаминууд нь антиоксидантууд бөгөөд ихэнх жимс жимсгэнэ ялангуяа нэрс, аньс зэрэг мөн ногоонд хангалттай агууллагддаг, мөн хавдрын эсрэг хамгаалах чадвартай хэмээн сайшаагдаж ирсэн амин дэмүүд юм. Гэвч судалгаагаар антиоксидантуудыг их хэмжээгээр хэрэглэх нь үнэндээ хор уршигтай гэж дүгнэсэн байна. Эрэгтэй тамхи татагчдыг хамруулсан том судалгаагаар А витаминыг тогтмол хэрэглэдэг тамхи татагчид илүү ихээр уушигны хавдартай болж байгааг олж тогтоосон байна. Мөн 2007 онд хийсэн хэд хэдэн төрлийн антиоксидантын туршилтаар "Бета каротин, А витамин болон Е витамины эмчилгээ нь нас баралтыг нэмэгдүүлдэг байх талтай" гэсэн дүгнэлтийг өгчээ.
С витамин: Ханиад томуунаас хамгаалахгүй байж мэдэх тул аль болох зайлсхийж оронд нь цитрусын төрлийн жимс идэхийг санал болгож байна.
2013 оны 11,300 гаруй хүнийг хамарсан 29 туршилт, шинжилгээгээр ханиад томууны өвчлөлийн хугацаа, хүнд хөнгөний зэрэгт С витамин үр нөлөөгүй болохыг тогтоосон байна. С витамины зарим үр дүн ажиглагдсан тохиолдол гэвэл марафонд гүйгчид, цанаар гулгагчид, цэргүүд зэрэг хүнд дасгал хийдэг хүмүүс дээр илэрсэн боловч үр дүн нь маш бага байсан байна. С витамин нь нийт хүн амын дундах ханиад томууны өвчлөлийг бууруулдаггүй болох нь тогтоогдсон тул С витаминыг хэрэглэх нь үндэслэлгүй гэдгийг харуулж байна. Үүн дээр нэмээд С витаминыг өндөр тунгаар хэрэглэх нь хор уршигтай байж болно. Учир нь судалгаагаар 2,000 мг болон түүнээс дээш витамины хэт өндөр тун нь таныг бөөрний чулуутай болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ. Тиймээс аюулгүй байх үүднээс, С витаминыг хоол хүнснээсээ авахыг зөвлөж байна. Жишээ нь гүзээлгэнэ жимс нь амин дэмээр үнэхээр баялаг жимс шүү.
В3 витамин: Үүнийг витаминаар хэрэглэхийн оронд салмон загас, туна эсхүл хүрэн манжингаар орлуулаарай.
Олон жилийн турш В3 витаминыг Алзхаймер буюу ой санамжаа алдах өвчнөөс эхлээд зүрх судасны өвчлөл зэрэг бүхий л өвчнийг анагаахад тустай гэж сурталчилдаг байсан. Гэвч саяхны судалгаагаар энэхүү амин дэмийн хэтэрсэн жор, хэрэглээнд төгсгөл тавьсан байна. Зүрх судасны өвчтэй 25,000 гаруй хүнийг хамарсан 2014 оны судалгаагаар "сайн" буюу HDL төрлийн холестерины түвшинг нэмэгдүүлэхийн тулд В3 витаминыг урт хугацааны тунгаар хэрэглэж байсан хүмүүсийн зүрхний шигдээс, цус харвалт, нас барах эрсдлийг бууруулаагүй болохыг олж тогтоосон байна. Цаашлаад В3-ийг хэрэглэсэн хүмүүсийн хувьд энгийн тайвшруулах эм хэрэглэсэн хүмүүсээс илүүтэйгээр халдвар, элэгний асуудалтай болох, болон дотор цус алдалт зэрэг өвчлөлүүд асуудал дагуулсан байна.
Пробиотикууд: Орчин үеийн шинжлэх ухаан нь пробиотикуудыг хангалттай үр өгөөжтэй болгох хэмжээнд хараахан хүрээгүй байгаа тул үүний оронд йогурт тараг хэрэглэхийг зөвлөж байна.
Пробиотикууд буюу ашигтай гэхээс илүүтэйгээр үнэтэй (1 ширхэг шахмал пробиотик нь 1 доллараас ч илүү үнэтэй байж мэдэх) бактерийн нэмэлтүүд нь йогурт болон бусад исгэсэн хоол хүнсэнд бага хэмжээгээр агууллагддаг ба 2012 он гэхэд бараг 23.1 тэрбум долларын зах зээл болтлоо томорсон том бизнес болсон байна. Үүний цаадах санаа нь их энгийн. Бидний эрүүл мэндийг зохицуулахад чухал үүрэгтэй оролцдог бидний ходоод гэдэс дэх хэдэн сая бактеруудыг дэмжих зорилготой. Гэвч энэхүү санааг амьдралд хэрэгжүүлэх нь илүү төвөгтэй. Учир нь өнөөдрийг хүртэл пробиотикуудын үр нөлөө нь янз бүр байна - заримдаа нөлөөлнө, заримдаа нөлөөлөхгүй гэх зэрэг. Тэгэхээр пробиотикуудыг шахмал хэлбэрээр хэрэглэхээс илүүтэйгээр мөсөрхөг йогурт амттанаас авсан нь дээр бизээ.
Зинк: Ханиад, томууны өвчлөлийг багасгадаг амин дэмийн нэг тул хэрэглэх хэрэгтэй.
Судалгаагаар энгийн ханиад томуунаас ч хамгаалж, эмчилж чаддаггүй болох нь тогтоогдсон С витаминтай харьцуулахад, зинк нь хэрэглэхэд хэрэгтэй байж магад. Энэхүү минерал нь ханиад томууг үүсгэдэг нян, риновирусийн өсөлт үржилтэнд нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Ханиад томуугаар өвчлөөд удаагүй байгаа хүмүүсийн дунд хийсэн 2011 оны судалгаагаар судлаачид зинкийг уугаад удаагүй байгаа хүмүүс болон тайвшруулах эм уусан хүмүүсийг хооронд нь харьцуулахад зинк уусан хүмүүсийн өвчлөлийн хугацаа нь бага мөн илүү хөнгөн шинжтэй өвдсөн болохыг тогтоожээ.
Е витамин: Хэтрүүлэн хэрэглэх нь зарим төрлийн хавдартай холбоотой тул зайлсхийх хэрэгтэй ба оронд нь бууцай идэхийг зөвлөж байна.
Антиоксидантуудын нэг болох Е витамин нь хавдарын эсрэг хамгаалах чадвартай гэдгээр бидний дунд алдаршиж байсан билээ. Гэвч 36,000 эрэгтэйчүүдийг хамруулсан 2011 оны том судалгаагаар тайвшруулах эм хэрэглэж байсан эрэгтэйчүүдтэй харьцуулахад Е витамин хэрэглэсэн эрэгтэйчүүдийн дунд түрүү булчирхайн хавдараар өвчлөх эрсдэл нэмэгдсэн болохыг тогтоосон байна. Мөн 2005 оны судалгаагаар Е витаминыг өндөр тунгаар хэрэглэх нь нас барах өндөр эрсдэлтэй болохыг тогтоожээ. Тэгэхээр хэрэв та Е витамин хэрэглэдэг бол болиод оронд нь шинэхэн бууцайны салад хийж идээрэй. Бууцай шиг гүн ногоон өнгөтэй хүнсний ногоонууд нь Е витаминаар баялаг шүү.
Фолийн хүчил: Хэрэв та жирэмсэн бол эсхүл жирэмслэхийг хүсч байгаа бол хэрэглэхийг зөвлөж байна.
Фолийн хүчлийг бидний бие шинэ эсийг бий болгоход ашигладаг В витамин юм. Америкийн эрүүл мэндийн үндэсний институт жирэмсэн эсхүл жирэмслэхийг хүсч байгаа эмэгтэйчүүд 400мг фолийн хүчлийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байгаа ба учир нь хэвлийдээ үр хөврөл тээж байгаа үед бие энэхүү чухал амин дэмийг илүү ихээр шаарддаг байна. Цаашлаад хэд хэдэн том судалгаанууд эмэгтэйчүүд жирэмслэхийн өмнө болон жирэмсний явцад фолийн хүчлийг нэмэлтээр хэрэглэх нь нярайн тархи, нугас, нурууны мэдрэлийн хөндийн эмгэг гажиг, ноцтой болон үхлийн аюултай төрөлхийн эмгэг гажиг үүсэх эрсдлийг багасгадаг болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: http://www.businessinsider.com/what-vitamins-should-i-take-2015-10