Эрхэм хүндэт 2017 оны төгсөгчидөө...

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       4647       2017.06.05
cover

2017 оны 5-р сарын 15

Би коллеж төгсөж, диплом авч чадаагүй юм, миний хэзээ ч хүрч чадаагүй зүйлд та бүхэн хүрч чадсан байна. Та бүхэнд баяр хүргэе!

Төгсөлтийн баяр дээр үг хэлж байгаа хүмүүс, энд хүрэлцэн ирсэн авга, нагац нар болгон чинь та бүхэнд хангалттай их зөвлөгөө өгч байгаа бизээ. Дээрээс нь баахан зөвлөгөө өгмөөргүй байгаа хэдий ч өөрийн бодож явдаг хэдэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.

Шинэхэн төгсөгчид надаас голдуу карьерийн зөвлөгөө өгөөч гэж асуудаг юм. Цахим хувьсгал дөнгөж эхэлж байх үед азаар би дөнгөж 20 гарч байсан бөгөөд цахим хувьсгал зам мөрөө олоход Поол Алэн (дунд сургуулийн найз, Майкрософтийг хамтран үүсгэн байгуулсан) бид 2 оролцох хувь завшаан тохиосон юм. (Бидний оролцоогүйгээр цахим хувьсгал явчих болуу гэж айсандаа би сургуулиасаа гарсан юм – тийм учраас би коллежийн зэрэг авч чадаагүй юм) Хэрвээ би өнөөдөр амьдралынхаа гарааг эхэлж байсан бөгөөд дэлхийд томоохон нөлөө үзүүлэх адилхан боломж эрж байсан бол би гурван салбарыг нухацтай бодож үзнэ.

Нэг дэх нь хиймэл оюун ухаан (artificial intelligence). Хиймэл оюун ухаан ашиглан хүмүүсийн амьдралыг илүү үр бүтээлтэй, бүтээлч (creative) болгох ямар арга замууд байна вэ гэдэг рүү бид одоо л дөнгөж өнгийж эхэлж байна. Хоёр дахь нь эрчим хүч. Яагаад гэвэл ядуурал болон цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхэд эрчим хүчийг цэвэр, өртөг багатай, найдвартай болгох нь нэн чухал юм. Гурав дахь нь био-шинжлэх ухаан (bioscience). Хүмүүс илүү эрүүл амьдралаар амьдарч, илүү урт наслах тал дээр энэ салбар боломжоор дүүрэн байна.

Гэхдээ, ямар мэргэжил сонгосноос үл хамаараад амьдрал дээр зарим зүйлсийг заавал ухаарч, таньсан байх хэрэгтэй байдаг. Тэдгээр зүйлсийг би сургуулиа орхих үедээ ойлгочихсон, ухаарчихсан байсан ч болоосой гэж хүсдэг юм. Нэг жишээ хэлэхэд, оюуны чадамж бол маш чухал гэж би боддог байлаа, гэвч энэ нь миний бодож байсан шиг тийм ч их чухал зүйл биш юм. Оюуны чадамж нь янз бүрийн хэлбэр байдалтай байж болно. Майкрософтийг байгуулж байсан эхний үед би маш сайн код бичиж чаддаг л бол хүмүүсийг ч бас сайн удирдан зохион байгуулж эсхүл маркетингийн багийг ч бас удирдаж эсхүл бусад ямар ч ажлыг хийж чадна гэж боддог байлаа. Миний энэ бодол буруу байсан юм. Хүмүүс янз бүрийн ур чадвар, авьяастай гэдгийг би ухаарч, сайшааж сурах хэрэгтэй болсон. Хэрвээ та ингэж сураагүй бол, аль болох хурдан сурах хэрэгтэй, тэгвэл таны амьдрал илүү баялаг болно.

Эртхэн ойлгож, ухаарсан байсан ч болоосой гэж миний хүсдэг бас нэг зүйл гэвэл жинхэнэ тэгш бус байдал. 30 нилээн хол гарсан хойноо Мелинда бид 2 Африк руу анх удаа аялах хүртлээ жинхэнэ тэгш бус байдал ямар байдгийг тод хараагүй байсан юм. Харсан зүйлдээ бид цочиж, шооконд орсон. Бид буцаж ирээд судалгаа хийж, илүү ихийг мэдэж эхэлсэн. Баян оронд хэн ч санаа зовдоггүй өвчнөөс болж Африкт сая сая хүүхдүүд үхэж байгааг олж мэдээд бид үнэхээр цочсон. Энэ бол дэлхий дээрх хамгийн шударга бус зүйл гэж бид үзсэн. Үүнийг өөрчлөхийг бид маш их хүссэн – бид нэн даруй бусдад өгч, хандивлаж эхэлсэн.

Та нарын насан дээр миний мэддэг байснаас хамаагүй илүү их зүйлсийг та бүхэн мэдэж байгаа. Технологийн тусламжтайгаар та бүхэн аливаа асуудлыг бидний үеийнхнээс тэс өөрөөр харж байгаа. Бидний үеийнхэнд хэзээ ч боломжгүй байсан арга замаар бусдад туслах боломжийг технологи та бүхэнд олгож байна. Та бүхэн өөрийхөө хот сууринд эсхүл дэлхийн нөгөө талд байгаа газар оронд очоод тэгш бус байдалтай аль болох эртнээс тэмцэж эхэлж болно.

Түүнчлэн, чамайг сорьдог, чамд зааж сургадаг, өөрийнхөө хамгийн сайн хэмжээнд байхыг шахдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байгаарай гэж зөвлөе. Мелинда намайг сорьж, сургаж, шахдаг юм – тийм учраас л би илүү сайн хүн байгаа юм. Бидний сайн найз Уорэн Баафит-ийн адил миний ойрын хүмүүс аз жаргалтай байна уу, намайг хайрлаж байна уу, бас би бусад хүмүүсийн амьдралд ямар өөрчлөлт хийж байна гэдгээр би аз жаргалаа хэмждэг.

Хэрвээ би та бүхэнд сургууль төгссөний бэлэг өгч болох бол би Стивэн Пинкер-ийн The Better Angels of Our Nature (by Steven Pinker) гэдэг номыг бэлэглэнэ. Та нар хэдэн жил сурсны дараа 700 хуудастай ном унших гээд тэсч ядан суугаагүй л байх. Гэхдээ, энэ номыг унших номын жагсаалтдаа оруулаад, хэзээ нэг цагт уншаарай. Энэ бол миний уншсан хамгийн их урам зориг сэргээсэн ном юм.

Дэлхий ертөнц сайхан болсоор байна, бид хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн энх тайван цагт амьдарч байна гэдэг аргументыг зохиогч Пинкер нь маш үнэмшилтэй дэвшүүлсэн байдаг. Ингэж хэлэхэд, ялангуяа өнөө цагт, хэцүү л дээ. Хэрэв чи хүмүүст дэлхийн нөхцөл байдал сайжирч байна гэж хэлвэл ихэнх хүмүүс чамайг гэнэн эсхүл галзуу юм уу гэсэн байдлаар харна.

Гэхдээ, энэ бол үнэн. Үүнийг ойлгоод ирэхээр, дэлхийг өөрөөр хардаг болно. Хэрвээ чи юм сайжирч байна гэж бодвол, юу сайжирч байгааг мэдэхийг хүснэ, тэгээд чи тэрхүү сайжрах үйл явцыг хурдасгаж, илүү олон хүн, газар оронд түгээн дэлгэрүүлэх болно.

Гэхдээ үүнийг ойлголоо гээд бидэнд тулгараад байгаа ноцтой асуудлыг тоохгүй орхино гэсэн үг биш ээ. Энэ бол ноцтой асуудлуудыг шийдэж болно гэдэг итгэл үнэмшилтэй болно гэсэн үг, тэгээд тэр итгэл дээрээ үндэслэн үйлдэл хийнэ гэсэн үг юм.

Миний ертөнцийг үзэх үзлийн гол цөм бол энэ юм. Энэ маань намайг хүнд цаг үед тэтгэж, 17 жил гаруй хийж байгаа сайн үйлсийн ажилдаа одоо хүртэл дурлах шалтгаан болдог. Та бүхэнд ч бас адилхан нөлөө үзүүлэх байх гэж бодож байна.

Та бүхэнд бүгдэд нь аз хүсэе. Өнөө цаг бол амьд явахад гайхалтай цаг үе юм. Та бүхэн үр ашгийг нь аль болох их гаргаж авна гэдэгт найдаж байна.

Билл Гейтс

Энэхүү нийтлэл нь https://mic.com/articles/176935/bill-gates-has-a-message-for-every-college-grad-who-wants-to-change-the-world#.9aNcMep2m дээр нийтлэгдсэн.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Дасгалын гутлыг хэрхэн зөв сонгох вэ?

Дээхнэ үед ганц пүүзтэй байхад л алхах, дугуй унах, гүйх, бүжиглэх гээд бүх төрлийн дасгал, бэлтгэлд хангалттай тохирдог байлаа. Харин одоо эсрэгээрээ болж – дасгалын гуталнууд нилээн төрөлжсөн, нарийн болсноос гадна ямар төрлийн дасгал хийхээс хамаарч гутлаа зөв сонгох ёстой болж. Тухайлбал, фитнес клубын, алхалтын, гүйлтийн, дугуйны цаашлаад сагсны, хөл бөмбөгийн, теннисний, гольфийн гээд л зөвхөн нэг спортод тусгайлан зориулж гутал хийдэг болжээ. Хэрвээ та дасгалын гутал авахаар төлөвлөж байгаа бол таны сонголтонд туслах хамгийн нийтлэг дасгалын гуталнууд, тэдгээрийн давуу болон сул талын тухай энэхүү нийтлэлийг уншаарай.

Фит залуусын өдөр бүр хийж хэвших 7 зуршил

Биеийн ерөнхий эрүүл мэнд, фитнесээ сайжруулая гэвэл дор дурдсан зүйлсийг өдөр бүр хийж, ёс мэт хэвшүүлээрэй.

Спорт бра хэрхэн сонгох вэ?

Сонголтоо хийхэд тань туслах зөвлөгөөг эндээс уншаарай!