Өглөөний цайнаас өмнө хүүхэд болгонд өгөх хэрэгтэй 4 зүйлс

Нийтэлсэн:       Категори: Мэдүүштэй       19701       2018.06.14
cover

Ихэнх хүүхэд яг л аав, ээжтэйгээ адилхан мэдрэмжтэй сэрдэг:

  • сэтгэл хямарсан, учраа мэдэхгүй будилсан эсхүл яарсан, эсхүл
  • өдрийг хэрхэн амжилттай туулах талаар ямар ч төлөвлөгөө эсхүл стратеги байхгүй.

Өдрийг хэрхэн зөв эхлүүлэх талаар хүүхдүүд мэдэхгүй. Өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгох, сэтгэл санаагаа зоригжуулах, өөртөө түлхэц өгөх зэргийг ч хүүхдүүд мэдэхгүй.

Харин эцэг эхчүүд эдгээр зүйлсийг мэднэ. Өөртөө итгэлтэй, амжилттай амьдрах ойлголт, арга замыг эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж өгөх хэрэгтэй.

Хүүхэд өөртөө итгэлтэй болох, эрч хүчтэй байхад туслана гэдэг бол сансрын хөлөг бүтээхтэй адил хэцүү зүйл биш ээ. Үнэндээ, маш амархан юм.

Хүүхэд сэрэнгүүт хүүхдэд хамгийн наад зах нь дараах зүйлс нэн даруй хэрэгтэй:

  1. бие махбод болон тархины ажиллагааг нь сэргээхийн тулд ус уулгах
  2. тэврэх, үнсэх, илэх зэргээр бие махбодийн энхрийлэл үзүүлэх
  3. өөртөө итгэх итгэл төрүүлэхийн тулд “жижиг ялалтууд” өгөх
  4. хүндэтгэл, талархал үзүүлэх

Хүүхдэд эдгээр зүйлсийг өгөхийн тулд эцэг эх нь хүүхэддээ халамжтай, бие махбод болон сэтгэл санаагаараа хажууд нь байх хэрэгтэй. (эцэг эхийн бие нь хүүхдийнхээ хажууд нь байгаа ч сэтгэл санаа нь гар утас эсхүл зурагт руу орчихсон байх нь элбэг байдаг). Хамгийн түрүүнд тавих зүйлсийг хамгийн түрүүнд тавьдаг, өөрсдийгөө ялан давж чадсан эцэг эх л хүүхдэд хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж, ойлгож сурсан, амьдралд учраа буюу хөлөө олсон эцэг эх л өөрийн хүүхдийнхээ хэрэгцээ, сэтгэл санааны байдлыг жинхэнэ ойлгох, хүндлэх чадвартай байдаг.   

Хэрвээ та хүүхэддээ эдгээр 4 зүйлсийг өглөө болгон өгч чадвал, хүүхэд чинь өөрчлөгдөн хувирах болно. Тэд илүү эрүүл саруул, илүү баяр баясгалантай, илүү өөртөө итгэлтэй, сэтгэл санаа нь илүү тайван тогтвортой болох болно. Тэд амьдралын бусад тал дээр ч илүү амжилттай болох болно.

Би яагаад үүнийг мэдэж, хэлж байна вэ?

Яагаад гэвэл миний эхнэр бид хоёр бараг 4 жилийн өмнө гурван гайхамшигтай хүүхдийг өргөж авч, өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Бид анх хүүхдүүдээ хүлээж авахад тэд үнэхээр эвдэрсэн, сүйрсэн байсан.  Хэрвээ бид тэдний оронд байсан бол бид нар ч бас тийм л байх байсан.

Манай хүүхдүүд төгс төгөлдөр биш ээ. Бид бүгдээрээ л галзуурах шахах үе байдаг шүү дээ. Гэхдээ, хүүхдүүд маань гайхмаар их дэвшил гаргасан. Өдөр болгон сайжирсаар, дэвшил гаргасаар байгаа! Хүүхэд өсгөх, хүмүүжүүлэхэд хүүхдийн гаргаж байгаа АЛДАА ДУТАГДЛЫГ биш харин ОЛОЛТ АМЖИЛТЫГ хэмжих нь маш чухал.

Манай хүүхдүүдийн амжилтын гол шалтгаан бол миний гайхамшигтай эхнэр юм. Тэр маань үнэхээр ер бусын гайхалтай эмэгтэй. Бүх л гавьяа бол түүнийх юм.

Ингээд “Амжилттай Хүүхдийн Өглөөний Хэвшил” гэж юу болохыг танилцуулья. Гэснээс, эдгээр хэвшлийг 10 хүрэхгүй минутанд хийж, амжуулж болно.

1. УС УУ - ИХ УС УУ!

Шөнө олон цагаар унтаж амарсны дараа том хүний бас хүүхдийн ч бие хуурайшиж, цангасан байдаг.

Өглөө босоод ус ууна гэдэг бол маш чухал – ингэснээр шинээр булчин болон цусны бөөм бий болох явцыг нэмэгдүүлдэг. Ус уусан, ангаж цангаагүй бие махбод хүчилтөрөгчийг илүү ихээр авч, ашигладаг – ингэснээр бие махбод сэргэг, эрч хүчтэй болдог.

Ихэнх хүмүүс сэрсний дараах 3-5 минутанд сул, нойрмог байдаг. Өглөө босонгуутаа нэг том стакан ус уусны дараа бие махбод маш хурдан сэргэг, эрч хүчтэй болж байгааг та анзаарч мэдэрвэл гайхах байх.

Өглөө босонгуутаа ус уух нь хүний бие махбод болон тархинд чухал хэрэгтэй.

Хүүхэд ч бас өглөө босонгуутаа ахиухан ус уух нь хүүхдийн өсөн тэлж, хөгжиж байгаа бие махбод болон тархинд чухал нөлөөтэй.

2. БИЕ МАХБОДИЙН ЭНХРИЙЛЭЛ

Хүүхэд тань өглөөний усаа ууж байх үед та хүүхдээ зөөлөн тэвэрч, эсхүл нурууг нь зөөлөн илж өгвөл гайхалтай сайн.

Эцэг эхчүүд хүүхэддээ халуун дулаан бөгөөд хүндэтгэлтэй харьцаа, энхрийлэл үзүүлэх нь хүүхдэд насан туршид нь эерэг үр нөлөө үзүүлдэг гэж судалгаагаар нотолсон байдаг. Давуу тал, эерэг үр нөлөөнүүдээс дурвал:

  • өөрийгөө өндрөөр хүндлэх, үнэлэх
  • хичээлдээ сайн байх
  • эцэг эх – хүүхдийн харилцаа сайн байх
  • сэтгэл санааны болон зан харьцааны асуудал бага байх

Нөгөө талаас, эцэг эх нь хайр энхрийлэл үзүүлээгүй өссөн хүүхдүүд:

  • өөрийгөө хүндлэх, үнэлэх чанар муу
  • илүү хөндий хүйтэн, өсөрхөг, дайсагнасан, түрэмгий, дээрэнгүй, зожиг, нийтэч биш байдаг байна.

Дюукийн Анагаах Ухааны Сургуулийн судлаачдын 2010 онд хийсэн судалгаагаар ээж нь маш их хайрлаж энхрийлдэг (эрхлүүлэх биш шүү!), илүү их анхаарал тавьдаг байсан хүүхдүүд насанд хүрэхдээ илүү их баяр баясгалантай, илүү их харимхай (шантардаггүй), бас сэтгэлийн түгшүүр багатай хүн болж өсдөг гэдгийг нотолсон байна. Уг судалгаагаар ихэнх ээжүүд “хэвийн” хэмжээний хайр энхрийлэл үзүүлдэг байхад зөвхөн 6% нь “их” хэмжээний хайр энхрийлэл үзүүлдэг гэж гарсан байна.

Хүүхдэд массаж хийж өгөхөд хүүхдийн сэтгэлийн зовуурь, түгшүүр буурдаг гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бие махбод болон сэтгэл санааны түвшинд холбогдох гайхалтай аргын нэг бол хүүхдэд богино хугацааны, зөөлөн энхрий массаж хийж өгөх юм.

Бага насандаа эцэг эхийн хайр энхрийлэл их хэмжээгээр авч өссөн хүүхэд том болоод сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүрт автах магадлал нь илүү бага байдаг гэнэ.

Хүүхэд өглөө сэрээд л эцэг эхийнхээ хайрыг мэдэрч байх зайлшгүй хэрэгцээтэй. Үг яриа бол мэдээж маш хүчирхэг нөлөөтэй. Харин хүүхдийг тэврэх, үнсэх, илэх зэргээр бие махбодийн хайр энхрийлэл үзүүлэх нь маш чухал юм.

Заавал удаан хугацаагаар хайрлаж энхрийлэх шаардлагагүй, 30-60 секунд зөөлөн тэвэрч, энхрийлэх ч заримдаа амжихгүй, боломжгүй, хэцүү байж магадгүй. Богинохон хугацааны массаж хийх, нурууг нь илэх, эсхүл хэдхэн эелдэг сайхан үгс хэлсэн ч болно.  Энэ нь эцэг эх, хүүхдийн харилцаанд ид шид шиг үйлчлээд зогсохгүй ерөнхий сайн сайхан байдалд нь маш чухал нөлөө үзүүлдэг. Түүнчлэн, энэ нь хүүхэд амьдралынхаа бусад тал дээр ч амжилттай байхад ид шид шиг нөлөөлнө.

3. ЖИЖИГХЭН ЯЛАЛТУУД

Өөртөө итгэх итгэл болон эерэг хандлага, хэвшил нь өдөр тутмын жижигхэн ялалтуудын үр дүн буюу бүтээгдэхүүн гэдгийг харуулсан судалгаа ихээхэн гарч байна.

Өөртөө итгэх итгэл бол хувирамтгай зүйл юм. Тиймээс, өдөр болгон дахин давтаж, сэргээж байх хэрэгтэй байдаг.

Өөртөө итгэх итгэл бол амжилттай зан авирын дайвар бүтээгдэхүүн юм. Сүүлийн үед алдарт гараад байгаа ОРОО ХУРАА: Жижиг Зүйлс Таны Амьдралыг .... Магадгүй Дэлхийг ч Өөрчилж Чадна гэдэг номонд өглөө босонгуутаа хамгийн түрүүнд ороо хураадаг байсан нь хэрхэн амьдралыг нь өөрчилсөн талаар уг номын зохиолч бичсэн байдаг. Ороо хураадаг хэвшил нь түүнийг “ялдаг” хэвшилтэй болгосон. Өглөө босонгуутаа ороо хурааснаар тэр дороо өөртөө итгэх итгэлийг бий болгож, энэ нь цааш давалгаалан өдрийн турш амжилттай байх, ялалт байгуулах идэвх, урам зоригийг бий болгодог.  

Хөдөлгөгч хүч болон өөртөө итгэх итгэл нь хоорондоо ихээхэн холбоотой.

Өглөө сэрээд жижигхэн ялалтууд байгуулахад өөртөө итгэх итгэл эрс нэмэгддэг. Хэрвээ өглөө сэрээд, ямар нэгэн ялалт байгуулахгүй бол өөртөө итгэх итгэл буурдаг.

Жижигхэн ч гэсэн ялалт байгуулахад – жишээ нь ороо хураахад – дараа дараагийн амжилтанд хүрэхээр, ялалт байгуулахаар өөртөө итгэлтэй болдог. Энэ нь хөдөлгөгч хүч рүү хөтөлнө.

Хүүхэд өглөө сэрснийхээ дараахан хэдхээн жижигхэн бас хялбархан ялалтуудыг хийх хэрэгтэй. Ингэснээр тэд өөртөө итгэх итгэлээ өдөр тутам сэргээн бэхжүүлэх болно.

Өөртөө итгэх итгэл болон хөдөлгөгч хүч хоёр бол ийм л энгийн.  Мотивац буюу урам зориг ч мөн адил энгийн. Мотивац бол эерэг үйл хөдлөлийн дайвар бүтээгдэхүүн юм.

Эцэг эхийн хувьд таны өөртөө итгэх итгэл ч мөн л адил өглөө босоод л жижигхэн ялалт – гэхдээ хүүхэдтэйгээ харьцахаас өмнө – байгуулахтай холбоотой гэдгийг онцлон хэлье.

Хэрвээ та хамгийн түрүүнд тавих ёстой зүйлсийг хамгийн түрүүнд тавихгүй бол хүүхэдтэйгээ харьцахдаа өөртөө итгэлгүй байх болно. Хэрвээ та өөртөө итгэлгүй байвал та өөртөө итгэлтэй хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадахгүй.

Өнгөрсөн цаг хугацаанд юу болсоноос үл хамааран, өөртөө итгэх итгэлийг өдөр болгон бэхжүүлж болно. Зүгээр л хэдэн жижигхэн ялалт байгуул. Таны хувьд тэр нь юу ч байж болно. Өглөө босоод л жижигхэн ялалт байгуулах аргууд;

  • ороо хураах
  • том стакан дүүрэн ус уух
  • залбирал эсхүл бясалгал хийх
  • сэтгэл сэргээсэн, өргөсөн зүйл унших эсхүл сонсох
  • өдрийн тэмдэглэлдээ өдрийг хэрхэн зарцуулах тухай эсхүл тухайн өдөр ямар хүн байх зорилгоо бичих
  • алхах эсхүл дасгал хийх
  • хувийн зорилгоо ахиулах

Мэдээж та эдгээрийг бүгдийг нь хийх шаардлагагүй. Ядаж нэг эсхүл хоёр зүйлийг нь хийчихсэн байхад л өглөө хүүхдүүдтэйгээ харьцахдаа ХЭН БАЙХ ВЭ, ЯАЖ ХАРЬЦАХ ВЭ гэдэг дээр маш том нөлөө үзүүлэх болно.

Таны сэтгэл хөдлөлийн болон сэтгэл санааны байдал таны хүүхдэд бүрэн нөлөөлж байдаг.  Та өөрийгөө ялан дийлсэн учраас гайхамшигтай сайхан мэдрэмжтэй, зан ааштай байвал та тэр энергиэ л хүүхдүүд рүүгээ тусгах болно. Та хүүхдүүдээ илүү их хайрлах болно. Та хүүхдүүддээ илүү их анхаарал, энхрийлэл үзүүлэх болно. Яагаад гэвэл та өөртөө тийм байх чадал тэнхээ, урам зоригийг өгчихсөн байх болно.

Хүүхдүүд таны тэр сайхан энергээр цэнэглэгдэж, өөрсдийгөө ялж эхэлнэ. Та хүүхдүүддээ эерэг хандаж, энхрийлэл үзүүлэх тусам хүүхдүүд бусдад илүү эерэг хандах болно.

4. ХҮНДЭТГЭЛ, ТАЛАРХАЛ, ДЭМЖЛЭГ

Хүүхдүүд өглөө босоод магтаал сайшаал болон дэмжлэг авч байх нь чухал. Ялангуяа тэдний хийсэн “ялалтын” талаар.

Хэрвээ таны хүүхэд өглөө босонгуутаа ороо хурааж, аяга ус уусан бол тэр зан үйлийг нь сайшааж, анзаарч батлах хэрэгтэй.

Хүүхдийн хийсэн зүйлсийг талархаж, сайшаа. Хүүхдийн зан авирыг сайшаан зөвшөөрч, анзаарч харснаа батал. Ингэснээр хүүхдүүд цаашдаа сайн зан авир, үйлдлийг байнга хийх урам зоригтой болно.

Хүн талархал илэрхийлэх явцад цаад хүнээ харах хандлага өөрчлөгддөг гэдгийг судалгаагаар харуулсан байдаг. Нэгэн алдартай судлаач “Аливаа юмыг харах хандлагаа өөрчилхөд, таны харах зүйлс өөрчлөгддөг.” гэж хэлсэн байдаг.

Хүн бусдад талархал илэрхийлэхэд талархаж байгаа хүмүүсээ хайрладаг. Үг яриа бол маш хүчирхэг билээ. Үг яриа нь сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өөрчилж чаддаг.

Та бусдад талархал илэрхийлвэл, та илүү их хайрыг мэдрэх болно.

Хайр гэдэг бол эерэг зан үйлийн дайвар бүтээгдэхүүн юм.

Хэрвээ та хайрыг бие махбодиороо харуулж, үг яриагаараа  илэрхийлвэл та хүүхдүүдээ илүү их хайрлах болно.

Хүүхдүүд тань ч илүү өөртөө итгэлтэй болж, та ч эцэг эхийн хувьд илүү өөртөө итгэлтэй болно. Та өөрийгөө ялан дийлээд байвал хүүхдүүд тань ч бас өөрсдийгөө ялан дийлэх болно.

ДҮГНЭЛТ

Хүүхэд нас гэдэг бол богинохон.

Нэг ч өдрийг дэмий бүү өнгөрөө. Таны хүүхдүүд маш их үнэ цэнэтэй. Хэрвээ та хүүхдүүддээ өглөө босоод л ялалт хийж сурахад нь тусалж чадвал тэд насан туршдаа ялалт хийх илүү тууштай, сайн арга барилтай болох болно.

Мэдээж, төгс төгөлдөр болох, алдаа мадаггүй байх нь зорилго биш. Хүн болгонд л бүтэлгүй өдрүүд тохиолддог. Эцэг эх байна, хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол хамгийн хэцүү ажил! Хэцүүхэн хүндхэн өдрүүдэд уян зөөлөн сэтгэл, хайр бол эцэг эхэд ч хүүхдэд ч хамгийн чухал, зайлшгүй хэрэгтэй зүйлс юм.  

Хамгийн гол зорилго бол тууштай байж, өдөр бүр ахиц гаргах юм.

Өөртөө итгэх итгэл болон хөдөлгөгч хүчийг өдөр болгон бага багаар бүтээж, босгож, сэргээх хэрэгтэй байдаг.  Өдөр болгон.

Эцэг эхчүүдэд ч, хүүхдүүдэд ч өглөөг яаж, хэрхэн эхлүүлэхээс бүх юм шалтгаална. 



Нийтэлсэн

Uncaught Exception

Json Error: Syntax error, malformed JSON

Origin

anchor/libraries/json.php on line 34

Trace

#0 /home3/coinsmn/public_html/anchor/functions/articles.php(142): Json::decode(NULL)
#1 /home3/coinsmn/public_html/themes/onefit/article.php(82): cover_url(NULL)
#2 /home3/coinsmn/public_html/system/view.php(87): require('/home3/coinsmn/...')
#3 /home3/coinsmn/public_html/system/route.php(160): System\View->render()
#4 /home3/coinsmn/public_html/system/router.php(152): System\Route->run()
#5 /home3/coinsmn/public_html/system/start.php(36): System\Router->dispatch()
#6 /home3/coinsmn/public_html/index.php(33): require('/home3/coinsmn/...')
#7 {main}