Be One Cycling Studio

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Онцлох түнш       12185       2016.09.30


Манай блогийн анхны онцлох түнш студиэр Be One Cycling Studio-г урьж оролцууллаа. Тус студийг үүсгэн байгууллагчдын нэг Ц.Долгорсүрэнтэй ярилцсаныг сонирхоно уу. 

Студийн нэр: Be One Cycling Studio

Байршил: СУИС-ийн баруун хойно

Утас: 88086151, 89060111

Сошиал хаяг:


Студийнхаа талаар товч танилцуулна уу.

Манай дугуйн студи нь 2015 оны 4-р сард нээлтээ хийж байсан. Спиннинг буюу суурин дугуйн спортыг Монголдоо цогцоор нь хөгжүүлэх чин эрмэлзэлтэй 4 бүсгүйчүүд нийлж байгуулж байлаа. Фитнесийн зах зээлд үйлчилгээний брендийг сайтар хоногшуулж, шинэлэг содон бизнэсийг эхлүүлсэндээ таатай байдаг. Спиннингийн спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дугуйн дээрх бүжгийн видео контентуудыг анхлан манайх хийж эхэлсэн бөгөөд үүгээрээ бид өөрсдөө багшилдаг дасгалжуулагчдын хувьд ур чадвараа харуулахыг зорьдог. Өмнөхөө бодвол харьцангуй тус спортын талаар хүмүүс их мэдлэгтэй болж байгаад маш их олзуурхаж байгаа.

Танай студийн онцлох нэг зүйл?

Онцлох зүйлс маш олон байгаа. Юутай ч үйлчилгээгээрээ бид маш их онцгойрч чадна гэдгээ бардам хэлнэ ээ. Үүсгэн байгуулсан хүмүүс нь өөрсдөө багшлаад зогсохгүй, хичээлийн хөтөлбөр, чанар, үйлчлүүлэгчидтэйгээ тулж ажиллах тал дээр хамгийн сайн нь байхыг анхнаасаа зорьсоор ирсэн. Манай багш нар 100% манай студид бэлтгэгдсэн, зөвхөн манайд л багшилдаг хүмүүс бий. Бид сар бүр тогтмол хурал хийж, сургалт явуулж, багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх улмаар үйлчилгээгээ тогтмол сайн байлгах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг.

Таны дуртай дасгал юу вэ?

Манайх өглөө болон орой л хичээл ордог. Нэг багш нэг өдөрт 1 л цагийн хичээл ордог бөгөөд долоо хоногт дундаа амралттай явдаг тул багшаас гарах хүч чадал, хүмүүстэй тулж ажиллах эрч хүч, тэднийгээ дайчилж сайн заахад энэ нь маш их чухал ач холбогдолтой байдаг. Манайх нэг өдөрт 3-4 анги л авдаг бөгөөд нийт 5 сайн бэлтгэгдсэн багш нар ордог. Багш бүрт л өөр өөрийн дуртай дасгалууд байна. Сувдаа багш бол маш чанга багш. Спринт буюу хагас суугаа хурдтай жийлтийг “бууж өгье өө” гэтэл айхтар хийлгэдэг. Энэ дасгал нь булчин хөгжүүлэх, өөх шатаах хамгийн дээд дасгал юм. Нара багш бол жинхэнэ ташуур. Суугаа хурдтай жийлт дээр түүнийг гүйцэх хүн байхгүй гэж бодож байна. Дээр нь дугуйн дээрх хэвлийн дасгалуудад маш онцгой анхаарал өгч хийлгүүлдэг. Болороо багш бол өөрөө ялдам зантай тиймдээ ч нуралттай уян налархай хөдөлгөөнүүдийг бол үнэхээр солиоруулна. Заяа багш үндсэн 8 тоот, 4 тоот дасгалуудыг хүмүүстээ их сайн ойлгуулж, гоё зааж өгдөг. Доогий багш гар, мөр лүү ордог дасгалуудыг тасархай гоё хэмнэлтэй дуунуудтай хослуулж, хийхгүй байхын аргагүй болтол сэтгэлийг чинь хөдөлгөж хийлгэнэ дээ. 

Бусдад санал болгох, зөвлөх дасгалын хэвшил?

Спиннингээр хичээллээгүй бусад үедээ өдөрт доод тал нь 10,000 алхалт хийж амьдралдаа хэвшүүлэхийг санал болгож байна. Бүгд л ухаалаг утастай болсон өнөө үед алхалт тоолдог апп утсан дээрээ суулгаад тогтмол тооцоод явахыг зөвлөж байна. Үүнд та ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. Мөн байнга гэдсээ татаж, нуруугаа хотойлгож алхаж байгаарай. Орой унтахаасаа өмнө гэдэс таталт, скуат ч юм уу өөрийнхөө хамгийн их хөгжүүлэхийг хүсдэг хэсэгтэйгээ тулж ажиллаарай. Youtube-р дүүрэн яаж хийх тухай дасгалууд элбэг олдоно. Оройдоо 15 минут л зарцуулахад үр дүн аяандаа 1, 2 сарын дараа харагдана.

Тогтмол дасгал хийж эхлэх гэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

Нэгдүгээрт сэтгэлзүйн бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Зарим хүмүүс богино хугацаанд огт боломжгүй их хэмжээний жинг хаях гэж орж ирдэг. Тэгээд үүндээ хүрэхгүй болохоороо амархан сэтгэл гутрах гээд байдаг тал бий. Турна гэдэг бол зөвхөн турах тухай биш илүүдэл өөхөө хайлуулах, өөрийнхөө эрүүл мэндийг бага багаар сайжруулж, тэтгэх процесс бөгөөд үүнд цаг хугацаа, хүчин чармайлт, тууштай бэлтгэл хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Мэдээж таны нас, хүйс, жин, таргалалтын хувь, дасгалаа хэр сайн гүйцэтгэлтэй хийж байна, хэр тогмол ирж байна гэдгээс шалтгаалж үр дүн өөр өөр байдаг шүү. Ямартай ч 1 сар хичээллэхэд заавал ямар нэгэн сайхан үр дүнд хүрсэн байдгаараа спиннинг маш онцлог.

Хоолны дэглэм барих нь чухал уу? Таны өдөр тутмын хоолны дэглэм юу вэ? 

Хоолны дэглэм гэхээсээ илүү зөв хооллолт гэж хэлэхийг хүсч байна. Дэглэм гэхээр манайхан хоолоо хорино, дуртай юм аа идэж чадахгүй гээд эхнээсээ л шантрах дохиог тархиндаа хүлээгээд авчихдаг. Хооллолт бол маш чухал. Хоолоо зохицуулахгүй л бол хичнээн мянга сайхан сайхан дасгал хийгээд огт нэмэргүй шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна. Спиннинг нь өөрөө богино хугацаанд өндөр калори шатаалттай дасгал байдаг учраас дасгалжуулагч бид байнга хичээллэдэгийн хувьд айхтар тийм онцгой хоолны дэглэм бариад байдаггүй ч орой 4-с хойш хүнд хоол идэхгүй байна гэдэг бол бидний хоолны төлөвлөгөөт цаг. Мөн доод тал нь 3 литр ус тогтмол ууж хэвших болон хөлсөөр алдаж байгаа эрдэс бодисоо нөхөх зорилгоор нэмэлт тэжээл, витамин, кальци ууцгаадаг.

Хүмүүс мэддэг ч болоосой гэж таны хүсдэг 3 зүйл юу вэ?

  • Спиннингээр хичээллэхэд эхний 1 болон 2 долоо хоног үнэхээр хэцүү бууж өгмөөр санагддаг. Энэ өдрүүдээ л даваад гарчихвал маш сайхан зүйл таныг хүлээж байгаа шүү.
  • Дасгал хийж байгаа юм чинь турах л ёстой гэж боддог. Гэхдээ турахын тулд 80% хооллолт, 20% хөдөлгөөн байдаг учир хоолоо сайтар тааруулах хэрэгтэй.
  • Ганцхан сарын дотор гайхамшигтай үр дүн гарах тохиолдлууд байдаг ч доод тал нь 3 сар түүнээс дээш хугацаагаар тогтмол хичээллэж байж л дараа дахиж таргалахгүй, бие чангатай чанартай үр дүнд хүрнэ.

Фит биетэй болох, тогтмол дасгал хийдэг болох талаар хүмүүст байдаг хамгийн том буруу төсөөлөл юу вэ?

Одоо нэг үеэ бодоход хүмүүс заавал таргалахаараа дасгал хийх гэхээсээ илүүтэйгээр турсны дараа эсвэл туранхай байсан ч гэсэн тогтмол хөдөлгөөнтэй байж, хөлсөө гаргаж байх нь урт хугацааны эрүүл амьдралын үндэс болдог гэдгийг ойлгож эхэлж байгаад маш их баяртай байдаг. Дасгал хөдөлгөөнөөр хичээллэнэ гэдэг нь жилдээ ганц, хоёр сар хичээллээд дуусдаг биш сар бүр тогтмол тогоор тууштай хийж байж л бид өөрсдийгөө элдэв өвчин, зовиураас сэргийлж, эрүүл саруул аж төрнө гэдгийг ойлгоорой. 

Танд хамгийн их урам зориг өгдөг, тогтмол дасгал хийхэд тусалдаг уриа үг, титэм үг

Зүтгэл үгүй бол шагнал үгүй.









Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох