Чикара Кэндо Клуб

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Онцлох түнш       9435       2017.05.08

ONEFIT-ийн 5-р сарын онцлох түнш клубээр ЧИКАРА КЭНДО КЛУБ (Chikara Kendo Club)-г урьж оролцуулж байна. Тус клуб нь бүх насны кэндогийн спортоор хичээллэхийг зорьсон хүүхэд, залуусыг Монгол улс болоод тив дэлхийн тэмцээнд эх орныхоо нэрийг төлөөлөн оролцдог төдийгүй хувь хүний ёс зүй, төлөвшлийг цогцлуулсан кendoka /кэндочин/ бэлтгэх болон уг спортын ач тус, өвөрмөц онцлогийг танилцуулан түгээхийн тулд үйл ажиллагаагаа явуулдаг. 

Хаяг: Зайсан, Кёокүшү-Бияа Спорт Цогцолбор, 2 давхарт. Утас: 88180700, 88113818

Сошиал хаяг:



Чикара клубийн үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч Т.Чинзоригтой ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Т.Чинзориг нь Монголын кэндогийн шилдэг тамирчин ба 2010 онд Улаанбаатар кэндо клуб дахин үйл ажиллагаагаа эхлүүлэх үеэс эхлэн өнөөг хүртэл тууштай хичээллэж классик кэндог өндөр түвшинд сурсан кэндочин юм. 

Та эхлээд өөрийгөө танилцуулна уу. Мөн яагаад клуб нээж, ажиллуулах болсон тухай болон клубээ нээх үеийн хамгийн гоё дурсамжаасаа хуваалцана уу.

Сайн байна уу? Би кэндогийн спортоор хичээллээд 8 жил болж байгаа ба одоо олон улсын 3-Дан зэрэгтэй. Монгол улсын 2 удаагийн аварга мөн шигшээ багийн тамирчинаас гадна Чикара кэндо клубийн багш, дасгалжуулагчаар ажилладаг. Клуб яагаад нээх болсон бэ гэхээр мэдээж тив дэлхийд нэрээ дуурсгах Монгол тамирчин бэлтгэхээс гадна кэндогийн спортоор дамжуулж өөрийгөө ялан дийлэх, бусдыг хүндлэх, өөрийгөө хүндлэх, ямар нэгэн зүйлд зүрх сэтгэлээ зориулж хийх зэрэг үнэт зүйлсийг Монгол улсынхаа хүүхэд, залууст хүргэхийг хүссэн. Хамгийн гоё дурсамж гэвэл клубийн маань хамгийн анхны шавь нар ихэнх нь 20-иос дээш насны залуус байлаа тэдний дунд 13-тай нэг хүү байсан юм. Кэндогийн сэлэм 520 гр жинтэй ч дасгалыг их олон тоотой хийдэг учраас тэвчээр их шаардана. Гэтэл нэг дасгалын үеэр нөгөө том залуус маань дасгалдаа шантраад зогсож байх үед 13 настай хүү хамаг хүчээ шавхаад дасгалын тоогоо дуустал хийж байгааг харсан залуучууд маань ахиад нэг ч амралгүй бүх бэлтгэлээ дуусгаж билээ.

Клубийнхээ нэрийг хэрхэн сонгосон бэ? Танай клубийн бусдаас ялгарах онцлог, ямар төрлийн хичээлүүдтэй, багш нарын ур чадвар, клубийн ерөнхий уур амьсгал? Мөн таны мөрөөдөл юу вэ? 

Чикара гэдэг нь хүч гэсэн утгатай бөгөөд зөвхөн биеийн хүчээр хязгаарлагдахгүй оюу ухааны болоод сэтгэлийн хүчийг илэрхийлдэг. Энэхүү клубийг нээхдээ "Чикара" буюу "Хүч" хэмээх ханзаар тодорхойлон биеийн болоод дотоод хүчийг эрмэлзэж, нил ягаан өнгийн цахирмаа цэцгээр хүч, хурц ухаан болон хайр хүндлэлийг илэрхийлсэн билээ. 

Манай клубийн хувьд гэвэл зөвхөн спорт гэхээсээ гадна клубийн нийт хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадвар, хувь хүний сэтгэлзүйд илүү анхаарал хандуулж ажилладаг. Клубийн багш нарын тухайд миний биеэс гадна туслах багш М.Сарантуяа олон улсын 2-Дан зэрэгтэй саяхан БНХАУ-ийн Бээжин хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж Монгол улсдаа олон улсын тэмцээний анхны ганцаарчилсан төрлийн медалийг авчирсан байгаа. Мөн клубийн ахлах тамирчид маань кэндогийн спортоор олон жил тууштай хичээллэсэн сайн тамирчид байгаа. Мөрөөдөл маань гэвэл Монгол улс дахь бүх 12 жилийн сургуульд кэндог спортын программ болгон оруулах мөрөөдөлтэй.

Анх яагаад кэндогоор хичээллэх болсон? Таны дуртай дасгал? 

Их сонин содон спорт болохоор орсон. 21-р зуунд хуяг дуулга өмсөөд сэлмээр тулалдаг спорт ховор шүү дээ. Миний дуртай дасгал гэвэл Цүки (хоолой руу хатгах) дасгалд их дуртай, бэлтгэл дээр тэр болгон хийгээд байдаггүй дасгал юм.

Бусдад санал болгох, зөвлөх дасгалын хэвшил? Дасгалыг хэрхэн хэвшил болгосон тухай? Мөн тогтмол дасгал хийж эхлэх гэж байгаа хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? 

Кэндогоор хичээллэдэг хүмүүст үндсэн дасгалаа л сайн хийх хэрэгтэй гэж зөвлөе. Ямар нэг зүйлийг хэвшил болгох тогтмол хийх зорилготой байгаа бол өөртөө тавьсан зорилгодоо битгий бууж өгөөрэй, өөрийгөө битгий хуураарай, эхлэл нь үргэлж хэцүү байдаг учраас тэсээрэй. You can do it! 

Фит биетэй болох, тогтмол дасгал хийдэг болох талаар хүмүүст байдаг хамгийн том буруу төсөөлөл юу вэ? Хүмүүс мэддэг ч болоосой гэж таны хүсдэг 3 зүйл юу вэ? 

Өөрт чинь ахиад цаг байгаа гэж бодсоор, хийх зүйлээ хойшлуулаад л өөртөө амралт өгөөд суугаад байдаг, яг одоо хий! 

Танд хамгийн их урам зориг өгдөг, тогтмол дасгал хийхэд тусалдаг уриа үг, титэм үг? 

 “Өнөөдөр би бусдын хийхгүйг хийнэ. Маргааш харин бусдын чадахгүйг чадна” энэ үгийг өөртөө хэлэх их дуртай. 



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох