Эрчүүдийн эрүүл мэнд

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Мэдүүштэй       21573       2017.10.23
cover

АНУ-ын Өвчнийг Хянах, Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Төвөөс хийсэн судалгаагаар 18-аас дээш насны эрчүүдийн 12-оос дээш хувь нь эрүүл мэндийн хувьд гайгүй эсхүл муухан байдалтай байгаа бөгөөд энэхүү байдал нь таргалалт, цусны даралт ихсэх, улмаар нас барахад хүргэдэг болохыг тогтоожээ. Тэгвэл Монгол улсын хувьд ч мөн ялгаагүй эрчүүдийн эрүүл мэндийн байдал тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа ба эрчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ өндөр, 2 эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг, 37 хувь нь архи хэрэглэдэг гэсэн тоо баримт бий. Мөн зүрх судасны өвчин, цус харвах, зүрхний шигдээс, элэгний хавдар, уушигны хавдар зэрэг өвчин эрчүүдийн дунд тархмал байдаг ба илүүдэл жин, таргалалттай холбоотой өвчлөл өндөр хувьтай байдаг байна. Эрчүүд өөрсдийгөө харьцангуй эрүүл гэж боддог учраас эмнэлэгт хандах тал дээр дутагдалтай. Эмэгтэйчүүд өвдсөн даруйдаа эмнэлэгт ханддаг бол эрчүүд нэлээд даамжирсан буюу өвчнийхөө хожуу шатанд эмнэлэгт ханддаг нь харамсалтай. Тэгвэл Алабамагийн их сургуулийн анагаах ухааны мэргэжилтнүүд эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр дараах 7 зөвлөмжийг өгч байна.

1. ЗӨВ ВИТАМИН ХЭРЭГЛЭ

Зөвхөн Америкчууд гэхэд жилд 20 гаруй тэрбум ам.долларыг төрөл бүрийн витаминд зарцуулдаг байна. Гэхдээ витамин бүр хүн болгонд таардаг гэсэн үг биш ээ. Та өдрийн витамины хэрэгцээгээ зөв тодорхойлохын тулд танд эрүүл мэндийн ямар асуудал байгааг эхлээд олж тогтоох хэрэгтэй. Мультивитамин буюу олон төрлийн эрдэс бодис агуулсан витамин нь дараах төрлийн хүмүүст тохиромжтой. 

  • Дотор эрхтэний ажиллагаа муу буюу шингээц муутай,
  • Архи, согтууруулах ундаа их хэрэглэдэг,
  • Ходоод шулуун гэдэсний хагалгаа хийлгэсэн,
  • Бөөрний архаг эсхүл хүнд өвчтэй,
  • Бөөрний диализ машин хэрэглэдэг,
  • Бодисийн солилцооны ховор өвчинтэй,
  • Цагаан хоолны хатуу дэглэм барьдаг.

Витамин А, бета-каротин, витамин С, витамин Е зэрэг анти-оксидантуудыг маш их сурталчилж, сайн гэж ярьдаг боловч эдгээр нь зүрх судасны өвчин эсхүл хорт хавдар зэргээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар нэгэн онцгой үр нөлөө байхгүй гэдгийг судалгаагаар баталсан байдаг.

Зүрх судасны өвчний ялангуяа цус харвах, зүрхний шигдээс болох өндөр эрсдэлтэй эрчүүд анти-оксидант агуулсан витамин хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ, их хэмжээний буюу өндөр тунгаар А витамин хэрэглэвэл яс цуурах, нүдний асуудалтай болох эрсдэлтэй. Е витаминыг өндөр тунгаар буюу өдөрт 400 буюу түүнээс дээш нэгжээр хэрэглэвэл нас баралтад хүргэх эрсдэлтэй.

2. ЗҮРХ, ТАРХИА ЭРҮҮЛ БАЙЛГАХЫН ТУЛД ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙ 

Зүрх судасны систем болон тархийг эрүүл байлгахын тулд тогтмол бие махбодийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэдгийг эмч болгон хэлдэг. Дасгал хийснээр цусны даралт буурч, липид (өөх гэж ойлгож болно) сайжруулж, 2-р төрлийн чихрийн шижинг хяналттай барьж, зарим тохиолдолд түүнээс урьдчилан сэргийлж, мөн урт наслах боломж өгдөг.

Бэлгийн чадавхи, хөвчрөх тал дээр тогтмол дасгал хийдэг эрчүүд дасгал хийдэггүй эрчүүдтэй харьцуулахад хамаагүй илүү сайн гэдгийг маш олон судалгаагаар нотолсон байдаг.

Тархи нь биеийн жингийн дөнгөж 2 хувийг эзэлдэг хэдий ч зүрхнээс шахаж байгаа цусны 15 орчим хувийг, биеийн хүчилтөрөгчийн 20 хувийг тархи хэрэглэдэг.

Тууштай бөгөөд тогтмол дасгал хийснээр тархины эд эсүүд бусад эд эсүүдтэй холбогдох тоог өсгөх, ой тогтоолтын химийн механизмыг бэхжүүлэхэд туслах гормоны тогтолцоог өдөөж, сайжруулдаг гэдгийг судалгаагаар тогтоосон.

Резистанс буюу хүчний дасгалуудыг тэсвэр хатуужлын дасгалуудтай хослуулан хийх нь зүрх, тархины эрүүл мэндэд хамгийн ашигтай.

Эрүүл мэндийн асуудалтай хүмүүс цусны даралт, холестерол болон чихрийн шижин зэргийг тогтмол шалгуулж, эмчийн зөвлөгөөгөөр шаардлагатай эм хэрэглэж, эдгээр үзүүлэлтүүдийг хэвийн хэмжээнд нь барих хэрэгтэй.

3. ТАМХИ ТАТАХАА БОЛЬ 

Тамхи татахаа болих гэдэг хамгийн хэцүү, бэрхшээлтэй зүйлсийн нэг байх. Тамхи татах зуршлыг хаяж чадвал сексийн тал дээр сайжраад зогсохгүй зүрх, уушигний эрүүл мэндэд ашигтай. Тамхийг хаяж чадвал хорт хавдар, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Тамхи татдаг эрчүүдэд эр бэлгийн эсийн тоо цөөрөх, эр бэлгийн эсийн хөдөлгөөн удаашрах, үр тогтоох чадвар муудах эрсдэл өндөр байдгийг бас л судалгаагаар тогтоосон байдаг. Дунд болон их хэмжээгээр тамхи татдаг эрчүүдэд эдгээр сөрөг нөлөө бүр их хэмжээгээр гардаг гэнэ.

Тамхи зажилдаг хүмүүсийн хувьд тамхинаас үүсдэг нийтлэг асуудлууд дээр нэмээд хоолойны хорт хавдартай болох эрсдэлтэй болдог бөгөөд шүдний янз бүрийн асуудалтай болдог.

Муу зуршлыг хаяхад хамгийн чухал зүйл бол сэтгэл санааны хувьд бэлэн байх явдал юм. Түүнчлэн:

  • Тамхинаас гарахаар сэтгэл шулуудаагүй бол бараг л гарч чадахгүй,
  • Тамхи татахаа больж эхлэх эцсийн хугацаа тогтоо,
  • Гэртээ байгаа үнсний сав, асаагуур, тамхи зэрэг тамхи татах хүсэ, сэдэл төрүүлэх бүх зүйлсийг гаргаж хая,
  • Тамхи худалдаж авдаг дэлгүүрээр аль болох орохгүй байх,
  • Гэр бүлийн гишүүн эсхүл найз нөхдөөсөө дэмжлэг хүсэхээс айх хэрэггүй,
  • Тамхинаас гарах гэж байгаа найзтайгаа хүч хавсрах,
  • Тамхинаас гарахыг дэмждэг бүлэг, групп олох,
  • Никотин орлуулах бүтээгдэхүүн хэрэглэх.

4. УУЖ БАЙГАА ЗҮЙЛДЭЭ АНХААРАЛ ТАВИХ

Эрчүүдийн 11 хувь нь бөөрний чулуу буюу “бөөрний чулуун бүстэй” болох магадлалтай байдаг гэнэ.

Бөөрний чулуу гэдэг өвчин бол олон хүчин зүйлсээс шалтгаалж бий болдог – тухайлбал, бөөрний ажиллагаа, хоол боловсруулах систем, ясны эрүүл байдал, зарим төрлийн дотоод шүүрдийн булчирхайн эмгэг, генетик, хоолны дэглэм, болон байгаль орчны хүчин зүйлс.

Унтаагүй байгаа үедээ 2-3 цаг тутамд 300-400 мл ус уух хэрэгтэй. Хэрвээ дасгал хийж байгаа эсхүл хөлөрч байгаа бол алдсан шингэнийг нөхөхийн тулд илүү их ус уух хэрэгтэй.

Fructose corn syrup буюу чихэрлэг амт оруулагч сироп агуулсан чихэртэй уух зүйлс буюу ундаа уухаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Чихэрлэг амт оруулагч болон бөөрний чулуу, таргалалт болон бөөрний чулуу нь харилцан хамааралтай болохыг судалж тогтоосон байдаг.

Ихэнх эмч нар ус эсхүл хар кофеноос өөр юм уухгүй байхыг зөвлөдөг. Ундаа нь натри, элсэн чихэр, хиймэл чихрийн амт орлуулагч зэрэг бодис агуулдаг бөгөөд эдгээр нь таргалалт, чихрийн шижин өвчинтэй болоход нөлөөлдөг байна.

Хийжүүлсэн буюу газтай ус, ундаа нь яснаас кальцийг салгаж, цусны эргэлтэд оруулдаг бөгөөд ингэснээр яс сийрэгжиж, бөөрний чулуутай болдог. Спортын ундаанууд хүний нэг өдрийн хэрэглээнээс хавьгүй их натри агуулдаг.  

Согтууруулах бодис хэтэрхий их хэрэглэвэл сексийн чадамж саатах эрсдэлтэй, учир нь тестостероны хэмжээ багасч, дур хөдлөл буурч, хөвчрөлт асуудалтай болдог.

Хөвчрөлтийн асуудлыг эмчлэх эм ууж байгаа бол согтууруулах ундаа их хэрэглэж болохгүй, яагаад гэвэл энэ хоёрыг хослуулах үед цусны даралт хэвийн бус хэмжээгээр буурч, эмийн үйлчлэлийг бууруулдаг.

5. ЖИМС, НОГОО ИХ ИД

Эрүүл мэндийнхээ төлөө эрэгтэй хүний хийж чадах хамгийн чухал зүйл бол эрүүл хооллолт юм. Зүрхний эрүүл байдал, чихрийн шижин болон гормооны түвшин нь зөв зохистой хооллолт болон өдөрт идэх жимс, ногоог идэж байгаа эсэхтэй нягт холбоотой.

Хэт бага хэмжээний өөх тос хэрэглэх хоолны дэглэм байдаг – энэ нь нилээн аюултай, яагаад гэвэл өөх тосыг их хэмжээний нүүрс усаар буюу голдуу энгийн чихрээр орлуулдаг учраас биенд янз бүрийн муу нөлөөтэй, жишээ нь, 2-р төрлийн чихрийн шижин үүсгэх эрсдэлтэй.

DASH diet буюу Даралт Ихсэлтийг Зогсоох Хоолны Дэглэмийн Арга нь нилээн сайн, хэт үнэтэй биш хирнээ амттай хоолны дэглэм юм. Энэ арга нь натрийн хэмжээг бууруулж, шим тэжээлээр баялаг олон төрлийн хоолыг сонгодог.

Mediterranean Diet буюу Газрын дундад тэнгисийн хоолны дэглэм нь бас эрүүл хооллолт юм. Эдгээр хоёр арга нь хоёулаа тархины эрүүл байдлыг дэмждэг.

Бие тестостерон үйлдвэрлэх, хөвчрөх, хөвчрөлтийг барих чадвар, шээсний сувгийн хэвийн ажиллагаа нь мөн л эрүүл хооллолттой холбоотой.

6. АРЬСАА ХАМГААЛ

Хүний арьс бол хүний хамгийн том эрхтэн бөгөөд булчин, яс, шөрмөс болон эд эрхтнийг хамгаалж байдаг. Нарны хэт улаан цацраг нь мэдрэг арьстай хүмүүсийн арьсны ДНК-г гэмтээдэг.

Ийм гэмтэл нь цаг хугацааны явцад хуримтлагдаж хавдрын эс үүсгэдэг бөгөөд хавдар болж ургах аюултай.

Арьсны хавдрын төрлүүд, тэдгээрийн шинж тэмдгүүд хэрхэн яаж илэрдгийг мэдэж авахад илүүдэхгүй. Арьсны хавдрийн 3 нийтлэг төрөл байдаг - basal cell carcinoma, squamous cell carcinoma, melanoma.

Арьсыг хамгаалах хамгийн чухал арга бол нарын хэт улаан цацрагаас аль болох зайлсхийх юм:

  • SPF 30 ба түүнээс дээш үзүүлэлттэй нарны тосыг биеийн ил гарсан хэсэгт өдөр болгон түрхэх.
  • UVA болон UVB хоёроос зэрэг хамгаалдаг, хэт их тослог биш бүтээгдэхүүн сонгох.
  • Наранд удаан явах бол арьсаа хамгаалсан буюу хаасан (ханцуйтай) хувцас, өргөн хүрээтэй малгай өмсөх.
  • Өглөөний 10 цагаас оройн 5 цаг хүртэлх нарны оргил цагаар аль болох наранд гарахгүй байх, энэхүү оргил цагаас бусад цагт гадуур гарах.
  • Борлуулдаг аппарат хэрэглэхээс зайлсхийж, түүний оронд борлуулдаг тос, цацлага хэрэглэх.

7. ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮҮХИЙГ МЭДЭХ 

Эрчүүдийн хувьд хамгийн нийтлэг хавдар нь арьсны хавдараас гадна түрүү булчирхайн хавдар байдаг гэнэ. 50-с дээш насны эрчүүд жил болгон эрүүл мэндийн үзлэг хийлгэж, түрүү булчирхайн хавдрын эрсдэл байгаа эсэхийг тусгайлан шалгуулж байх нь зүйтэй.

Түрүү булчирхайн хавдрын эрсдлийг бүдүүн гэдэсний үзлэг болон цусны шинжилгээгээр prostate-specific antigen буюу PSA гэдэг үзүүлэлтээр шалгах боломжтой.

PSA цусны шинжилгээний хариу эсхүл бүдүүн гэдэсний үзлэг дээр үндэслэн түрүү булчирхайн дээж авах шаардлагатай болж магадгүй. Уг дээжинд түрүү булчирхйн хавдрын эс байгаа эсэх, хэрвээ байвал хир ноцтой эсэхийг шалгаж үздэг.

Зарим эрчүүд гэр бүлийн өвчний түүх эсхүл үндэс угсаа, арьсны өнгө, удам угсаа зэргээс шалтгаалан түрүү булчирхайн хавдраар өвчлөх магадлал нь илүү өндөр байдаг, тиймээс эрчүүд 40 гараад түрүү булчирхайн хавдрын үзлэг хийлгэх хэрэгтэй.

Эх сурвалж: https://knowridge.com/2017/10/7-tips-that-help-men-become-healthier/



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Биеийн ус

Биеийн ус нь эрүүл биеийн чухал хэмжүүрийн нэг юм. Хүний бие зөв ажиллахын тулд ус хэрэгтэй. Бие дэх усны төгс тэнцвэрийг олох нь гол түлхүүр буюу усны хэрэглээ нь биеийн усны алдагдлыг нөхөж байх ёстой. Хүний бие усыг арьс, хөлс, шээс болон амьсгалаараа дамжуулан алдаж байдаг. Иймд хэрэв төгс тэнцвэрийг нь олвол, хүн эрүүл, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг байна.

Ирээдүйд хэрхэн эрүүл биетэй хэвээр байх вэ?

Нас ахиад ирэхийн цагт биеийн галбирийн асуудал, эрүүл мэнд болон том том өвчин эмгэгт өртөхгүйгээр эрүүл чийрэг, фит байж болох тухай энэхүү нийтлэлийг уншихыг зөвлөж байна.