Иогоор хичээллэгсдийн нийтлэг гаргадаг 7 алдаа

Нийтэлсэн: ONEFIT       Категори: Хөдөлгөөн       154257       2016.10.17
cover

Стрессээс ангижрах, биеийн эрүүл мэндээ сайжруулах эсхүл бясалгал хийх, оюун санаатайгаа холбогдох гэх мэт хүн бүр янз бүрийн шалтгаанаар иогоор хичээллэдэг. Тэгвэл бид иогоор хичээллэхдээ байнгын, анхаарал болгоомжтой хийхгүй бол дөнгөж эхэлж байгаа хүн байтугай бие нь төгс хөгжсөн "мэргэжлийн" иогчдийн дунд ч мөр, ташаа, нурууны доод хэсэг, өвдөг зэрэг нь их эмзэг байдаг ба гэмтэл, бэртэл авах нь амархан байдаг байна. Иогийн Олон Улсын Сэтгүүл (The International Journal of Yoga)-д хэвлэгдсэн судалгаагаар Аштанга Виняаса иогоор хичээллэгсдийн 60% нь ямарваа байдлаар гэмтэл, бэртэл авч байсан гэж мэдүүлсэн байдаг байна. Гэхдээ гэмтэл, бэртэл авах нь иогчдийн хувьд тойрч биш дайрч гардаг зүйл ч гэсэн дараах 7-н нийтлэг гаргадаг алдаанаас зайлсхийснээр иогоор илүү аюулгүй бөгөөд үр дүнтэй хичээллэхэд тань тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

АЛДАА 1: ИОГИЙН ХЭЦҮҮ БАЙРЛАЛУУДЫГ САЙН БАЙРЛАЛ ГЭЖ ҮЗЭХ

Найзуудын гадаа, байгальд хийж буй гайхалтай бөгөөд хэцүү иогийн байрлалуудыг харуулсан инстаграмын болон фэйсбүүкийн зургуудыг харахаар сэтгэл хөдөлж, урам зориг ордог ч, нөгөөтэйгээр тэдгээр зургууд нь иогийн байрлалууд нь "хэцүү" байх тусмаа "сайн" гэсэн далдуур ойлголтыг өгдөг байна. Тэдгээр иогийн байрлалуудад ид шидийн ямарваа нэг зүйл байгаа ч юм шиг, тэдгээрийг хийгээд сурчихвал жинхэнэ "иогчин" болчих ч юм шиг сэтгэгдэл төрдөг. Үнэн хэрэгтээ бол, хамгийн сайн иогийн байрлалууд бол таны биеийг сэргээх, гэмтэх, бэртэх аюулгүйгээр хийж болох тэр байрлалууд шүү дээ. Иогийн бүх байрлалууд хүн бүрт тохирно гэсэн үг биш. Хамгийн чухал нь иогийн байрлалдаа биш, харин таны бие хэрхэн мэдэрч, хүлээн авч байгаад гол учир нь байдаг байна.

    

АЛДАА 2: ХҮЧНИЙ ДАСГАЛУУДААС СУНГАЛТЫГ ИЛҮҮД ҮЗЭХ

Иогоор хичээллэх нь биед сайн сунгалт болдог. Иогоор хичээллэгсдийн ихэнхийнх нь бие уян хатан байдаг ч, иог хийхдээ биеийн тэнцвэрээ олж, удаан тогтоон барихад шаардлагатай хүч чадлаар дутмаг байдаг. Энэ нь гэмтэх, бэртэх эрсдлийг бий болгодог байна. Тиймээс хэт сунгасан, тэнцвэргүй нугарсан зэрэг байрлалуудыг хийж "сунгалтын араас хэт хөөцөлдөхийн" оронд, жишээлбэл гуяны арын хэсгийн сунгалт сайтай бол өгзөг, гуяны арын хэсэг, болон ташааны булчинг хүчтэй болгох дасгалуудыг анхаарч хийх хэрэгтэй. Ингэснээр иогоор хичээллэгсэд сунгалтын дасгалуудыг хийхдээ булчингуудаа ашиглаж илүү тэнцвэртэй, удаан тогтон хийх болно.

АЛДАА 3: ДАСГАЛЫН ҮЕЭЭР АМЬСГАЛАА МАРТАХ

Амьсгал нь иог хийж эхлэхээс өмнө болон дууссаны дараа хийдэг тусдаа дасгал биш юм. Мөн зөв амьсгалах нь иогийн чухал салшгүй хэсэг юм. Иог хийхдээ гүнзгий бөгөөд амьсгал дээрээ төвлөрч амьсгалах нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна түүнээс ч их ашиг тусийг өгдөг байна, тухайлбал булчингуудад өгөх мэдрэлийн системийн нөлөөг багасгадаг байна. Гүнзгий амьсгалах нь ялангуяа амьсгаагаа гаргахдаа амьсгаа авснаасаа илүү удаанаар гаргахад цусыг хүчил төрөгчөөр дүүргэж, булчингуудыг өөгүй, илүү гэмтэх, бэртэх аюул багатайгаар ажиллахад нь тусалдаг байна.

АЛДАА 4: ӨВДӨЖ БАЙСАН Ч ӨӨРИЙГӨӨ ХҮЧЛЭХ

“No pain, no gain” буюу "өвдөлтгүйгээр, юу ч хүртэхгүй" гэдэг нь иогоор хичээллэгсдийн хувьд хамгийн хор хөнөөл учруулах үгс ч байж магад. Учир нь бидний ихэнх нь өвдөж байхад хөмхийгээ зуугаад, амьсгалаа түгжин үргэлжлүүлээд зүтгээд хийгээд байвал биднийг илүү хүчтэй, илүү уян хатан болгоно гэж буруугаар итгэдэгт байгаа юм. Иогт санскритээр АHIMSA буюу хүчирхийлэлгүй (хүчлэхгүй) гэсэн ойлголт байдаг ба энэ нь хэрэв бид өөрийнхөө биеийг зовоогоод байгаа нь бид хүчирхийлэл хийж байна гэж үг. Тэгэхээр тухайн дасгалыг хийх нь дэндүү хэцүү байвал нууж хаалгүй багшдаа хэлж, дасгалаа өөрчлүүлэх эсхүл шаардлагатай бол туслах хэрэгслүүдийг ашиглах зэргээр өвдөлтгүйгээр хийх хэрэгтэй юм.

АЛДАА 5: БУСАД ИОГИЙН ТУСЛАХ ХЭРЭГСЛҮҮДИЙГ АШИГЛАХГҮЙ БАЙХ

Ямарваа нэг шалтгаанаар иогоор хичээллэгсэд иогийн туслах хэрэгслүүдийг ашиглах нь тэдний хувьд сул талаа бусдад харуулж байгаа хэрэг гэж боддог байна. Иогийн уяа, дэр, блок эсхүл бланкетын тусламжтайгаар иогийн дасгалуудыг хийх нь үнэн хэрэгтээ таны биеийг "тэнхлэгээ" тааруулахад, хүчтэй болоход туслах амьдрал дээр туршигдсан хэрэгслүүд шүү дээ. Бүр цаашлаад түвшин ахих тусам, иогийн ахисан байрлал бүр дээр туслах хэрэгслүүдийн ашиглаж байх нь биеээ гэмтээх, бэртээх эрсдлээс хамгаалахаас гадна иогоор хичээллэхийн ач тусыг илүү их хүртэх боломжтой болгодог байна.

АЛДАА 6: ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД ХЭТ УЛАЙРАХ

Иогоор хичээллэгсдийн хувьд иогийн дасгалуудыг сайн хийж сурна гэдэг нь нэн тэргүүний зорилт байх. Тиймдээ ч хичээллэгсэд ихэвчлэн иогийн хөдөлгөөнийг хийж сурах гэж яардагаас өөрсдийгөө гэмтээх, бэртээх аюулд оруулдаг. Анхаарлаа дотогшоогоо хандуулах нь дасгалыг хийхэд шаардлагатай тэвчээр, анхаарал төвлөрлийг өгдөг байна (энэ шалтгаанаар зарим иогийн төвүүд дасгалын өрөөндөө толь тавьдаггүй байна). Иогоор хичээллэж амжилт гарган түвшин ахих нь өвс газраас ургаж байгаатай адил юм. Тиймээс өөрийгөө хүчлэх, хурдлуулах хэрэггүй.

АЛДАА 7: ДАСГАЛЫН ДУНДУУР ХЭТЭРХИЙ ИХ ӨӨР ЗҮЙЛД АНХААРЧ, САТААРАХ

Бидний эргэн тойрон анхаарал сарниулсан зүйлсээр дүүрэн байгаа нь энэ нийгмийн шийтгэл ч юм шиг. "Би тэгэхээ/ингэхээ мартсан байна...", "Хэрвээ тэгвэл/ингэвэл..." гэсэн зогсолтгүй эргэлдэх бодлууд биднийг иогийн дэвсгэр дээр дасгал хийж байхад ч хүртэл анхаарлыг сарниулж байдаг. Хэрэв таны ухаан бодол биетэй тань холбогдохгүй бол, биеээс өгч буй дохио, тэмдгийг анзаарахгүй өнгөрөх юм бол та гэмтэх, бэртэх аюулд орно. Тиймээс та ухаан бодлоо өөр юманд сатаарсан байгааг анзаарсан даруйдаа анхаарлаа өөрийн амьсгал болон бие дээрээ ямагт буцаан авчирч байгаарай.

САНАЛ БОЛГОЖ БУЙ НИЙТЛЭЛ: "ДУРЛАЯ" багцыг хэрхэн ашиглах вэ?

Та ONEFIT аппликейшнийг утсандаа суулган багцаа сонгоод Улаанбаатар хотод байрлах иогийн төвүүдээр хүссэнээрээ үйлчлүүлэх боломжтой. Та ONEFIT аппликэйшнийг татаж авахыг хүсвэл доорх зурган дээр дарж татаж аваарай.



Нийтэлсэн

ONEFIT
ONEFIT бол шинэ зууны фитнесийн гишүүнчлэл. Улаанбаатар хотын хамгийн шилдэг 50 гаруй фитнес, спорт клубт нэг гишүүнчлэлээр орох боломжийг танд олгоно. Апп татаж авахад үнэгүй. Онцгой урамшуулал болон нэмэлт мэдээллийг 70107700, 70107710 дугаараас лавлана уу.


Санал болгох


Хүүхэддээ ус өгсөн үү?

Хүүхдийн нас бага байх тусам ус шаардах хэрэгцээ их байдаг.

Хүүхэд жилд 3-5 см-ээр өсдөг

Усан дотор биеийн зөв галбирыг тогтооход чиглэсэн хөдөлгөөн хийхэд илүү бага хүч зарцуулдаг.